Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно

Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан навигацийн үйлчилгээний орлогод нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийж, чөлөөлөх, цаашид навигацийн үйлчилгээний орлогоос татаас олгох тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нарт даалгалаа.

Олон улсын эрх зүйн зохицуулалттай зөрчилдөхгүй, дотоодын агаарын тээвэрлэгчдийн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг чөлөөлж, цаашид хөөрөлт, буултын навигацийн орлогоос татаас олгосноор агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд нэн чухал дэмжлэг болох бөгөөд цаашлаад нислэгийн тийзний үнэ буурах, жуулчны урсгал нэмэгдэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Мөн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТ ТӨХК-ийн Франкфуртын чиглэлийн энэ оны 6-9 дүгээр сард хийх нэмэлт 17 нислэгт олгох 4,7 тэрбум төгрөгийн татаасыг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр нь хянаж, санхүүжүүлэхийг даалгалаа.

МИАТ компанийн нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн эдийн засаг, санхүүгийн бие даасан, тогтвортой байдлыг хангуулан ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.     

 Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн (МИАТ ТӨХК, “Аэромонголиа” ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК) үйл ажиллагааг тогтворжуулахад хэрэгцээтэй 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгох нэмэлт нэг их наяд төгрөгийн зээл олголтын гүйцэтгэлтэй уялдуулан, батлагдсан хүүгийн татаасын хэмжээнд багтаан шийдвэрлэхээр боллоо.

Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулна

Чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө.

“Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх арга хэмжээ авах, санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт заасны дагуу Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг айлын талын Эрээний хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Мөн чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгалаа.

Мөн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулахаар болов.

Монгол Улсад Чөлөөт бүс байгуулах, түүнийг хэрэгжүүлэх үзэл баримтлал батлагдан 20 гаруй жил болсон, хууль эрх зүйн орчин бүрдсэн ч чөлөөт бүсийн хөгжил удаашралтай, тодорхой ахиц гарахгүй байгаа шалтгааныг тодруулах, Чөлөөт бүсийн онол аргазүйг судалж, эрдэмтэн судлаачдын зөвлөмж, судалгаа, шинжилгээ болон чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бодит асуудал, бодит нөхцөлд байдалд тулгуурлан хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг илрүүлэн цаашид чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцыг тодорхойлох шаардлагатай болжээ.

Чөлөөт бүсийн хөгжлийн концепц тодорхойлох ажлын хүрээнд өнгөрсөн сард чөлөөт бүс дэх хөрөнгө оруулагч, биенес эрхлэгчдийн “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгээс хууль эрх зүй, удирдлага, бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинэ төсөл хэрэгжүүлэх, ерөнхий асуудал гэсэн таван багц санал, зөвлөмж гаргажээ.

Товч мэдээ

·      Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний барилгын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийгдэж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан төсөл, арга хэмжээний ажлын тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран УИХ-д холбогдох хууль тогтоомжид заасны дагуу танилцуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

·      Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.

·      Хилийн боомтуудад автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах, тээвэрлэлт хийх асуудлыг хил хамгаалах, улсын аюулгүй байдал, техникийн бэлэн байдлыг хангаж хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулан байгууллаа.

Таны сурталчилгаа