Афганистан улсад газар хөдөлсний улмаас мянга гаруй хүн амь үрэгдэж, 1,500 гаруй хүн гэмтэж бэртээд байна. Газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшингийн доор хэдэн хүн дарагдсан нь тодорхойгүй байгаа ажээ.
Газар хөдлөлтийн хүчийг 6,1 магнитуд гэж тодорхойлсон ба голомт нь Кост хотоос 44 км-ын зайд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл хөрш Пакистан, Энэтхэг улсуудад мэдрэгджээ. Афганистаны өмнөд Пактика мужид хамгийн их гарз хохирол учирсан байна.
Төрийн эрхийг хүчээр булааж авсан Талибаны бүлэг газар хөдлөлтийн улмаас их хэмжээний гарз хохирол амссан тул олон улсад хандаж дэмжлэг тусламж хүсжээ. НҮБ байгалийн гамшгийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд түр хоргодох байр, хоол хүнсний тусламж үзүүлж эхэлсэн байна.
Газар хөдөлсөн бүс нутагт бүхэлдээ гамшгийн байдалтай болсон ба амь эрсэдсэн иргэдийн тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг сэрэмжлүүлжээ. Засгийн газар дахь Талибаны бүлгийн гишүүн Абдул Кахар Балхи улс орон нь хүмүүнлэгийн болон эдийн засгийн хямралд өртсөнийг мэдэгдэж, ард иргэддээ тусалж чадахгүй байгаагаа илэрхийлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш эрүүл мэндийн ажилтнууд, эм бэлдмэлийн хангамж, хүнс зэргийг байгалийн гамшгийн бүс рүү бүрэн хүчин чадлаараа илгээсэн гэж мэдэгдээд байна. Бүс нутагт ажиллаж байгаа сурвалжлагчдын хэлснээр холбоо харилцааны цамхгууд газар хөдлөлтийн үеэр нурсан тул мэдээлэл дамжуулахад хүндрэлтэй байгааг хэлжээ.
Дашрамд мэдээлэхэд Афганистан улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд газар хөдлөлтийн улмаас 7,000 гаруй иргэн амь эрсэдсэн байна.
Эх сурвалж: ВВС