Цаг үеийн мэдээ

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар болон ТХБНУГ-тай хамтран “Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн удирдамж” номын нээлтийн арга хэмжээг 2022 оны 6-р сарын 24-ний өдөр БОАЖЯ-ны Хаан танхимд зохион байгуулав.
Арга хэмжээг нээж, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого  зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, доктор Шахбаз Хан нар үг хэллээ.
Уг арга хэмжээнийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн болон бүртгүүлэхээр төлөвлөж буй газруудын төлөөлөгчдөд “Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн удирдамж” номыг гардуулсан юм.
ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь аялал жуулчлалыг хөгжүүлж, улмаар тухайн газар нутгийн байгалийн болон соёлын өвийг хамгаалахад олон эерэг нөлөөг үзүүлэх  явдал юм. Хэрэв эко аялал жуулчлалыг тогтвортой байдлаар хөгжүүлж чадвал тухайн бүс нутгийн эдийн засаг, байгаль орчныг хамгаалахад ихээхэн үр өгөөжтэй юм.
Иймээс Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газраас тус сүлжээний шим мандлын нөөц газруудад эко аялал жуулчлалыг идэвхтэй дэмжин хөгжүүлэх зорилгоор энэхүү “Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн удирдамж”-ийг боловсруулсан байна.