Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан. Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан. Чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлж, тохижуулахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл дугуй цагаанд тохижилт засварын ажил үргэлжлэн хийгдэж байгаа тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахим хуудастаа мэдээлжээ. 

Тэрээр: "Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар  Богд уулын Дугуй цагаан руу алхалтын замын суурь хайрган хучилт хийгдсэн, Даваа гарагаас замын 2 талаар модоор хүрээ хийж, дунд хэсгээр чулуун шигтгээт зам хийх бригад нь ажиллана" хэмээжээ.