Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрээр:

"Монголчууд бид төрт ёсны баяр цэнгэл их наадмыг, түүхт ойнуудтайгаа хамтатган, сүр жавхлантай, ёслол төгөлдөр,өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Монголчууд бид тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн нэгэн зууныг хамтдаа үдэж, шинэ зууныг ард түмэн бид хамтдаа хүлээж тосож авлаа.

Зуун зууныг өртөөлсөн буурал түүхтэй дэлхийд ганцхан Монгол наадам, тусгаар улсынхаа сүр хүч, эв нэгдлийг илтгэн харуулж, үүх түүх, үнэт зүйлээ бэхжүүлэн, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээж, үеийн үед монгол хүн, монгол түмний цог хийморийг бадрааж байх учиртай.

Монголчууд бид Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголоороо омогшиж, Монголоороо амьдрах ёстой. Наадмын маргааш намар гэж манай ард түмэн ярьдаг. Иймээс намрын их ажил, өвлийн бэлтгэлээ сайтар базааж, ирэх өвөл хаврыг өнөтэй сайхан давахад төр засаг, түмэн олгоороо анхаарч ажиллах нь зүйтэй.  Бидний цөөхөн монголчууд биедээ тусалж, бие биеэ ойлгож, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай.

Өндөр түүхийн үндэсний их баяр наадам цог хийморь, баяр бахдалаар дүүрэн, ёслол төгөлдөр өндөрлөлөө.

"Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэв.