Цаг үеийн мэдээ

Дэлхийн хамгийн баян залуу репперүүдийн нэг Lil Pump наймдугаар сарын дундуур Монголд ирж, XMF-д дуулахаар болсон тухай мэдээ цацагдсан. Lil pump-ийн хөрөнгийн хэмжээг залуу репперүүд дундаа хамгийн өндөр гэдэгт одууд маргадаг. Гэвч үнэндээ 15 насандаа өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон тэр энэ яриаг нь огт тоодоггүй. Тэрээр гадны улс орнуудаар аялан тоглолтоо хийхдээ өөрийн хувийн “Private Jet”-ээрээ нисэж очоод, сүрийг үзүүлж, сүржин газарддаг уламжлалтай. Мэдээж Азийн оронд тоглолтоо хийхээр ирэхдээ тухтай зорчихын тулд тансаг зэрэглэлийн пентхаустай онгоц болох “Private Jet”-ээ хөлөглөх нь гарцаагүй. Гаднаас нь харахад энгийн ч дотроо бол алмайруулам орд харшид ноёлж суудаг л гэсэн үг. Гэвч манай нисэх онгоцны буудал тус онгоцыг хүлээж авч чадах уу гэдэг нь эргэлзээ дагуулаад байна. 

Түүний Private Jet-тэй адил төстэй хөлөгний үнийг судалж үзэхэд 35 сая ам.долларын дундаж үнэтэй байлаа. Тив доторх нислэг нь нэг удаад 75 мянган ам.доллар зарцуулдаг, зүгээр л нисэх онгоцны зогсоолд зогсож байхдаа ч цаг тутамд мянга мянган доллар урсаж байдаг гэх. Тив хооронд далайн дээгүүр нисэхэд цаг хэмнэдэг бөгөөд 11-13 цагийн турш нисэх боломжтой гэж ИНЕГ-аас мэдээлсэн байдаг. 

Дэлхийн том реппер ирж байгаа юм чинь мэдээж хэрэг хамгаалагч, туслахаас эхлээд олон дагах хүнтэй явж таарна. Зардал улам л нэмэгдэнэ. Гэлээ ч дэлхийн хэмжээний том одыг эх орондоо авч ирнэ гэдэг маш том боломж, нэр хүндийн асуудал. Бидэнд ч дэлхийн реппер яаж үглэдгийг дэргэдээс нь харах том боломж тохиох нь ээ. Түүнийг ирэх наймдугаар сард болох XMF-д дуулуулахын тулд “Би Ар Би” компани хэдэн зуун мянган доллар зарсан нь одоогоор нууц хэвээр байгаа. Манай нисэх онгоцны буудал түүний онгоцыг Монгол Улсын агаарын хилээр нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг олгох болов уу? Гэхдээ авлигаа хангалттай өгчихвөл бүтэхгүй юм гэж үгүй улс шүү дээ.  

  Lil Pump-ийг хэдэн зуун мянган доллароор Монголд авч ирж байгаа вэ?

“Gucci gang”, “I love it”, “Boss”, “Esskeetit” зэрэг олон хит дуугаараа дэлхийд танигдсан реппер Lil Pump ирэх наймдугаар сарын 19-нд болох XMF-д урилгаар ирж дуулахаар болсон. Түүнийг XMF хөгжмийн наадам олон сар хөөцөлдөж байж энэ жил XMF тайзан дээр дуулуулахаар болсон гэнэ. Ямар арга замаар түүнийг уг фестивальд оролцуулж байгааг Монголын залуучууд таамаг дэвшүүлсээр байгаа юм. Lil Pump хэмжээний дэлхийн одтой холбоо тогтоож чадсан, бүр ирэхээр болсон нь итгэмээргүй, Яаж? Дээхэн үед манайд бас Pitbull гэдэг дэлхийн од ирнэ гээд бөөн шуугиан болоод тасалбараа зарж байгаад сүүлдээ албан ёсны сайт дээр нь мэдээлэл нь гарахгүй байсаар ирэх нь худлаа болж, тухайн үедээ үзэгчид бухимдаж, тасалбараа буцааж, зохион байгуулагч ивээн тэтгэсэн байгууллагуудын хооронд бөөн шуугиан хэл ам болж байсан.

Энэ удаа мөн адил Lil Pump ирэх сургаар залуучууд “Битгий худлаа ярь, наад хүн чинь Монголыг тоож ирэхгүй, худлаа маркетинг хийхээ боль” гэж XMF хөгжмийн наадмын Lil Pump-ийн мэдээний доор хүмүүс уурсаж байгаа харагдсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Lil Pump өөрийн албан ёсны Instagram хаяг дээрээ Монголд 8 сарын 19-нд ирэх болсноо зарлажээ. Ингэж л хулихдуулж ханадаггүй манайхан сая нэг итгэл төрж “Үнэхээр ирэхээр боллоо гэж үү” хэмээн одоо хүртэл ярьцгааж байна.

Pump шиг одыг аваад ирэх хэлцэл хийж чадсаныг бодоход XMF аль хэдийнээ дэлхийтэй холбогдож, тоогдож чаддаг болж шүү. Тэгвэл Pump ирж чадаж байгаа юм чинь дараа жил XMF залуус өшөө дээшээ хэнийг ч авч ирнэ гэхэд итгэл өөрийн эрхгүй төрж байна.

Ямартай ч Lil Pump-ийн нэг дуу дуулах үнэ Google-ээс хайхад Монгол мөнгөөр 700 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг аж. Монгол бол алс хол дэлхийн энтэртаймент ертөнцөөс тасарсан юм чинь хамгийн өндөр үнээ хэлж ирж байгаа нь ойлгомжтой. Түүнээс гадна замын зардал, ирээд байрлах дээд зэрэглэлийн зочид буудал гээд дагах зардал нь талийж өгөх нь ойлгомжтой. 

Хэрвээ Lil Pump-ийг гадаадад очиж үзнэ гэвэл миний бодлоор энгийн иргэд шууд чадахгүй гэж санагдаж байна. Онгоцны тийз, буудал, такси, хоол, тасалбар гээд хичнээн сая төгрөг болохыг таашгүй юм. Харин ирэх нь үнэн болсон энэ үед 69,000 төгрөг төлөөд үзчихнэ гэдэг үнэхээр том завшаан юм даа, залуусаа.

Lil Pump-ийн төрсөн өдөр Монголд ирэхэд нь таарч байгаа гэсэн үү?

Lil Pump 2000 оны 8 сарын 17-нд төрсөн гэхээр Монголд ирэх яг тэр мөчид 22 нас хүрч байгаа юм. Монголд Lil Pump-ийн төрсөн өдрийг нь сэтгэлд нь хүртэл тэмдэглэж өгч чадах болов уу? Дэлхийг хэрэн хэсүүчлэн хамгийн өнгөтэй өөдтэйг нь эдэлж хэрэглэж байгаа одын сэтгэлийг зохион байгуулагч нар нь хөдөлгөж чадах болов уу?

XMF-д дуулах болсон талаар тэрээр өөрийн инстаграм хуудсаараа зарласан. Уг фестиваль наймдугаар сарын 19-ний өдрийн 10 цагаас эхлэн бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Харин дэлхийн алдарт реппер Lil Pump-ийн төрсөн өдөр үүнээс хоёр өдрийн өмнө буюу наймдугаар сарын 17-ны өдөр тохиож байгаа юм. Дэлхийн одын төрсөн өдөр яг ямар болдог бол?

Алмаазан шүдээ яралзуулж, цагаан алтан зүүлт, брэндийн хувцсаараа гангараад Private Jet дотроо хундага харшуулж, далайн эрэг дээрх пэнтхаус, эдлэн газартаа дэлхийн алдартай одуудтай долоон өдрийн турш төрсөн өдрийн баяраа тасралтгүй тэмдэглэдэг тэрээр энэ удаад баярынхаа шинийн гурваныг Монголд тэмдэглэх нь гарцаагүй болжээ. Түүний үнэнч фенүүд ч дуулахыг нь сонсохын тулд Монголд ирж, баярын сюрпрайз барих магадлал тун өндөр байна. 

Ташрамд дуулгахад, реппер Lil Pump сэтгэл нь хэт хөөрөхөөрөө 100 долларын дэвсгэрт цацдагийг түүний фенүүд андахгүй. Баярынхаа өдөр сэтгэл нь хөөрч, XMF-ийн тайзан дээрээс атгандаа багтахгүй их бэлэн доллар цацаж, саагих юм биш байгаа...

Lil Pump 10 сая ам.доллар атгаад Монголын гудамжаар алхах уу?

Дэлхийн хамгийн баян залуу репперүүдийн нэг Lil Pump АНУ-ын Миами мужаар боодолтой 100 долларын дэвсгэрт бариад алхдаг талаар та бишгүй л уншиж, зураг, бичлэг үзэж байсан байх. Тэгвэл тэрээр ирэх наймдугаар сарын 19-ний өдөр Монголд ирж, XMF-ийн тайзыг донсолгохоор болсон билээ. Энэ үеэрээ дээрэмчин тонуул ихтэй Миами мужийн гудамжаар алхдаг шигээ Улаанбаатар хотын төв цаашлаад Дэнжийн 1000, Дарь-Эхийн гудамжаар 10 сая ам.доллароо атгаад алхахыг ч үгүйсгэхгүй.

Таны сурталчилгаа