Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Австрали улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйт Смитийг өнөөдөр /2022.08.04/ хүлээн авч уулзлаа. Мөн шинээр томилогдсон элчин сайдад баяр хүргээд, Монгол оронд ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Австрали улсын Засгийн газар, элчин сайдуудад гүнээ талархаж явдгаа илэрхийллээ. 

Мөн Австрали улс анх 1972 оны 9 сарын 15-нд Монгол Улстай дипломат харилцаа тогтоож байсан бол энэ жил  50 жилийн ой тохиож байна. 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэл гарснаас хойш хоёр талын харилцаа идэвхтэй хөгжиж ирсэн. Хөгжлийн тусламж, Монгол улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаанд манай хоёр улсын харилцааны гол чиглэл төвлөрч байна. Мөн улс төрийн харилцаа гүнзгийрч байгаад сайшаалтай байгаагаа онцоллоо. 

Уулзалтаар Ардчилсан нам, Австрали улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын чиглэлээр хамтарч ажиллах, Ардчилсан намын сонгуульт гишүүдийг Австрали улсын Хөгжлийн хөтөлбөрт хамруулах, түүнчлэн УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцлоо. 

Уулзалт ажил хэрэгч байдалд өрнөж, үзэл баримтлал үнэт зүйл нэгтэйн хувьд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов. Австрали улсын элчин сайд хатагтай Кэйти Смит цаашид Ардчилсан намтай хамтын ажиллагаагаа нягт өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байх болно. Мөн “Гадаад нөхцөл байдалтай уялдуулан Ардчилсан нам богино хугацаанд хүчтэй болоосой, ардчилсан үзэл санаагаа тууштай хамгаалж, 2024 оны сонгуульд нэгдмэл байр суурьтай оролцоно гэдэгт найдаж байна” гэлээ.

Таны сурталчилгаа