Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр Мексикийн Нэгдсэн Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эстебан Моктезума-тай 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Вашингтон ДиСи хот дахь Мексикийн соёлын төвд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улстай дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж буйг онцлон тэмдэглээд, цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Элчин сайд Эстебан Моктезума хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. 

Уулзалтын дараа Мексикийн соёлын төвд монгол үндэстний хөгжмийн  зэмсэг морин хуурын аялгууг эгшиглүүлж, Монгол Улсын тухай видео танилцуулга, “Монголын нэг өдөр” уран зураг болон монгол үндэстний дээл, хувцас зэрэг үзмэрийг толилуулав.