Цаг үеийн мэдээ

   Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ сарын 5-ны өдөр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнтэй ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав. 

       Энэхүү уулзалтад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын газар, хэлтэс, албаны дарга нар, Төрлийн цэргийн командлалуудын болон БХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага оролцсон бөгөөд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар цахимаар хамрагдлаа. 

        Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2020 оны 7 дугаар сард төрийн өндөр хариуцлагатай албанд томилогдсоноос хойших хугацаанд хэрэгжүүлсэн ба хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

        Тэр бээр "Миний бие Батлан хамгаалахын сайдаар томилогдон Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудтай уулзах үеэрээ хамгийн чухал нэг асуудлыг хөндсөн. Энэ нь албан тушаалтан бүр хариуцсан ажилдаа эзэн байя. Үүний тулд "Хариуцлагатай байж, хандлагаа өөрчилье" гэсэн бодлого, зорилтыг дэвшүүлж, үйл ажиллагааны бүхий л чиглэлээр бодит үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж байна. Миний хувьд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол сурталчилж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын цугларалтуудын үеэр дэлгэрэнгүй мэдээлж, хүргэсээр ирлээ. Ер нь Батлан хамгаалах салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бүхий л ажлыг алба хаагч нэг бүрт хүргэх, мэдээлэх, нэгдсэн ойлголттой болгох асуудал юу юунаас илүү чухал байна. Сайдын зүгээс болон БХЯ, ЗХЖШ-аас дэвшүүлж буй бодлого, зорилт, хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааг салбарын хэмжээнд нийт алба хаагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар бүгд мэдэрч нэгдсэн ойлголттой байх ёстой. Энэ ажилд Та бүхэн онцгой анхаарч ажиллах шаардлагатай" гэдгийг анхаарууллаа. 

       ЗХЖШ-аас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, цаашид дэвшүүлж буй бодлого, зорилтууд, хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг холбогдох чиглэлээр нь бие бүрэлдэхүүнд шуурхай мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах болно. Мөн Сайдын өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан бодит ажил хэрэг болгоно хэмээн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газар болон Захиргааны удирдлагын хэлтсээс бидэнд мэдээллээ. 

                                                                    Хурандаа Б.ОТГОНБАЯР