Цаг үеийн мэдээ

Соёлын Яамны галерейд Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач Д.Дуулалын “Мэдрэхүйд эс тогтох оршихуй–Uncertainty of Existence” үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дэлгэгдэж байна.  

Тус үзэсгэлэнгээ уран бүтээлч Д.Дуулал: Дурсамж байгаа нь эс байх, тодорхойгүй оршихуй гэсэн ч болно хэмээн тайлбарлажээ.

Дурсамж гэдэг цаг хугацаа, орон зайд нуугдаж болох ч бодит оршихуйгаас замхрахгүй гэдгийг илэрхийлсэн байна. Тэрээр ямар нэг учиг шалтгаанаар мэдрэмжинд нь эргэн ирсэн дурсамжийн тодорхойлошгүй оршихуйг цэгт урлал, абстракт урлаг, реализм, холимог техникийн аргаар өөрийн итгэл, төсөөллөөр тодруулан илэрхийлсэн ажээ. 

Түүний бүтээлийг тогтож харвал цэг бүрийн далд холбоос зэргэлдээ орших шалтгаан мэдэгдэнэ. Уламжлал, сүсэг бишрэл, монголын түүх соёлын элементийг өнөө цагт авчирч, сьюрреал төсөөллийн ертөнцийг хослуулан харуулах аж. Чимээгүй орших цэгүүд геометрийн дүрсүүдтэй хосолж өнгөрсөн одоог зэрэгцүүлэн авчрах мэт. Уран бүтээлч Д.Дуулалын үзэсгэлэн 9-р сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Таны сурталчилгаа