Нур-Султаны татамигийн хоёр дахь өдөр үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монголын жүдочдын хоёр дахь алтан медалийг авчирч, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхээр боллоо.
Тэрбээр Энэтхэгийн Сунибала Хуидром, 2017 онд Азийн аваргад хүрэл медалийн төлөө хамтдаа зогсч байсан БНСУ-ын Ким Жи Жёон, залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт, энэ жилийн Парис, Улаанбаатарын “Их Дуулга”-ын аварга Японы Нами Набэкүра нарыг тус тус ялж аваргалсан юм.
2015 онд тус хотод гавьяат тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 63 кг-д Азийн аварга болж байсан бол 7 жилийн дараа жингийн дүү нь амжилтыг нь давтаж байна.