Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний баяр наадамд ес даван үзүүрлэж улсын арслан цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Атар трейд” компанийн бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх наадам өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод боллоо.
Улсын арслан цолны мялаалга наадамд улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Одгэрэл, Ш.Пүрэвгарьд, улсын начин Д.Тамир нар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 96 бөх хүчийг үзэн барилдав.
Түрүү бөхөөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Монос” группийн бөх улсын арслан Цэдэвийн Содномдорж тодорч, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” компанийн бөх улсын гарьд Мягмарын Бадарч үзүүрлэлээ.