2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, 21 настай залуу тамирчин Цэрэндуламын Энхчимэг Нур-Султаны татамигаас Монголын жүдочдын гурав дахь хүрэл медалийг авчирлаа. Өчигдөр 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Ц.Энхчимэг үдээс өмнө нь хагас шигшээд Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт Узбекистаны Гулноза Матниязовад ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017 оны залуучуудын Азийн аварга БНСУ-ын Хан Хэ Жуг торгуулиар цэвэр ялснаар насанд хүрэгчдийн ангилалд олон улсын анхны медаль зүүв.