Цаг үеийн мэдээ

Иргэн Т 205 сая 163 мянга 356 төгрөгийг иргэн А-аас нэхэмжлэн шүүхэд ханджээ. Учир нь иргэн А-гийн зээлсэн мөнгөний хүү 30 сая 938 мянга 356 төгрөг, тохиролцсон хугацаандаа төлөөгүй алданги 174 сая 225 мянган төгрөгийг ийнхүү нэхэмжилсэн юм.

“А” бизнесийн үйл ажиллагаандаа зориулж “Т”-ээс 230 сая төгрөг зээлсэн. Ингэхдээ сарын 10 хувийн хүүтэйгээр 2 сар 10 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон нь ийнхүү шүүхэд дуудагдахад хүргэжээ.

“Т” тохиролцсоны дагуу дээрх мөнгөн дүнг “А”-аас нэхэмжлэх эрхтэй ч зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтойгоор хүү тогтоогдсон бол зээлдэгчийн хүсэлтээр хүүг багасгаж болохоор, анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болохоор хуульд заасан байдаг. 

“А”-ийн зүгээс цар тахалтай холбоотойгоор бизнесийн нөхцөл байдал хүндэрснийг харгалзан зээлийн хүүг 5 хувиар багасгаж, 68 сая 142 мянган 953 төгрөг төлж, алдангийг төлөхгүй байх хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ цар тахлын нөхцөл байдал, дээрх хуулийн заалтыг үндэслэн зээлийн сарын хүүг 5 хувь, алдагийг 60 хувиар тус тус бууруулж, “А”-аас 84 сая 123 мянга 289 төгрөгийг гаргуулж Т-д олгохоор тогтоожээ. Улмаар “Т” нь “А”-д хохиролтой өндөр хүү тогтоосны улмаас нэхэмжилсэн 121 сая 40 мянга 69 төгрөгийг авч чадаагүй юм.

Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд  ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно. 

Боловсруулсан: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн