Монголын нүүдлийн соёл иргэншлийн өвийг баяжуулан хөгжүүлж, өвлөн уламжлуулах зорилгоор Соёлын яам, ЗГХА-Соёл урлагийн газраас 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчдыг хамруулан зохион байгуулсан “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн наадам гурван өдрийн турш үзэгч, зочдоор дүүрэн үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Төрсөн цагаасаа эхлэн өөрийн түүхээ бүтээж, ёс заншил, ахуй соёлоо өвлөн уламжилж яваа монголчуудын түүх дундаршгүй билээ. Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт ганзага дүүрэн нүүдэллэн ирсэн 21 аймгийн өвлөн уламжлагчид маань аяны богцоо задалж, язгуур урлагийн гайхамшигтай тоглолтоо хуран цугларсан олонд сонирхууллаа.