Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан нар хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим уулзалт зохион байгуулж мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөн, МЭГ-ын дарга С.Ариунтөгс болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. 

Сэлэнгэ аймгийн тухайд аймгийн Засаг даргын “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгавар гарч сумд хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 28, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэдэг тариалангийн аймаг. 

Энэ жилийн хаврын тариалалтад үр тарианы 304 ААН, 199 иргэн, төмс, хүнсний ногооны 33 ААН, 2251 иргэн 204 мян.га талбайд тариалалт хийснээс улаанбуудай 129.3 мян.га, арвай 693 мян.га, овьёос 5 мян.га, гурвалжин будаа 1175 мян.га, тэжээлийн ургамал 15.1 мян.га, тосны ургамал 47.7 мян,га, төмс 2.1 мян.га, хүнсний ногоо 2.8 мян.га талбайд тариалж, 102.2 мян.га талбайд химийн болон механик уринш боловсруулалтыг хийсэн. 

Аймгийн хэмжээнд газар тариалан, төмс хүнсний ногооны тариалалтын чиглэлээр нийт 371 иргэн аж ахуйн нэгжид 18.0 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. 

Ургац хураалтыг богино хугацаанд хурдан шуурхай зохион байгуулах үндсэн зорилгын дор ургац хураалтад ажиллах хүн хүчний мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдээс авсаар байна. 

Энэ намрын ургац хураалтад ажиллах техникийн бэлэн байдлын бэлтгэл 70 хувьтай явагдаж байна. 

Хүнсний ногооны эртийн ургацыг 7 сарын 15-наас хурааж эхэлснээр Зүүнбүрэн, Мандал, Баянгол, Сайхан, Шаамар, Орхон, Жавхлант, Баруунбүрэн сумдын ногоочид хүнсний ногоогоо зах зээлд гарган өнөөдрийн байдлаар 1370.5 тн төмс, 2289 тн хүнсний ногоог худалдан борлуулсан мэдээтэй байна.  

Аймгийн хэмжээнд 2022-2023 оны өвөл, хавар 1.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байгаа бол аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 1510 тн өвс, 710 тн тэжээлийг бэлтгэхээр ажиллаж байна.

Уулзалтын хүрээнд аймгийн Засаг даргын зүгээс дараах саналуудыг онцгой анхаарч шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргалаа. Үүнд:

Хөдөө аж ахуйн салбарын ургац хураалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан шатахуун, дизел түлшийн хүрэлцээ хангамжийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх,

Ургац хураалтыг богино хугацаанд хурдан шуурхай зохион байгуулахад хүн хүчний дутагдал үүсэхээр байгаа тул оюутан, цэрэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ажиллуулах тал дээр анхаарч хамтарч ажиллах, 

Аймгийн хэмжээнд ургац хураалтаас өмнө засварлах шаардлагатай байгаа зарим ургацын зам, гүүрний засварын ажилд онцгойлон анхаарах, 

Хүнсний ногоочдод Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт ногоогоо худалдаалах боломж нөхцлийг бүрдүүлж зах зээлийн дэмжлэг үзүүлэх, 

Тариалангийн бүс нутгийн малын тоог бууруулж, мал, махны борлуулалтыг сайжруулах үүднээс тариалангийн бүс нутгаас Нийслэлийн хүн амыг мах, махан бүтээгдэхүүнээр хангах, бөөнөөр худалдаалах, зах худалдааны төвүүдэд борлуулах асуудлуудыг шийдвэрлэж өгөх саналыг гаргалаа. 

Мөн тариалангийн бүс нутгийн үр тариа, төмс хүнсний ногооны ургацыг хамгаалах үүднээс бүс нутагт гадны аймаг, сумаас мал оруулахгүй байх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг мэргэжлийн хүмүүс тодотгож байв.