Цаг үеийн мэдээ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр болон ҮХНӨ-ийн талаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрээр: "Өнөөдөр Монгол улсын парламентын түүхэнд маш том түүхэн өдөр болж байна. Өөрөөр хэлбэл парламентын ардчиллыг бэхжүүлэх, ардчиллыг хамгаалах түүгээрээ дамжин энэ улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх энэ ажил бол парламент болоод үндсэн хуульт бүх инстуциудын үүрэг. Үүнийг Үндсэн хуулийн цэц өнөөдөр  Их суудлын хуралдаанаараа хуралдаж шийдвэрлэлээ. Үндсэн хуулийн цэц хоёр асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээрт: 2019 онд үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт буюу "Засгийн газрын гишүүдээс дөрөв нь Улсын Их Хурлын гишүүн байна" гэсэн  нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуулийнхаа анхны зорилготой нийцэж байгаа юу, үндсэн суурь зарчимтай нийцэж байгаа юу, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын тэргүүн нь багаа бүрдүүлээд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд нь өөрийнхөө багийг давхар дээлтэй байна уу, дан дээлтэй байна уу, өөрөө шийдэх агуулгаар 2019 онд үндсэн хуульд өөрчлөлт орсон. Харамсалтай нь 4-ийг нь УИХ-аас шийднэ гэсэн байдлаар энэ нэмэлт өөрчлөлт орсон нь  агуулгын хувьд зөрчил үүссэн. Ийм учраас зөрчлийг арилгах асуудлаар мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийн зөрчлийг арилгах ийм шийдвэр гаргалаа. Үр дүнд нь үүнээс хойш Монгол улсын аливаа Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд нь өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр аль нэг улс төрийн нөлөө бүхий инстуциэс хамааралгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо. 

Энэ шийдвэр бол ҮХЦ-ийн Их суудлын шийдвэр. Шийдвэр нь өөрөө тогтоол гэж гардаг. Энэ тогтоол нь хэлбэртгүйгээр дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл  УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. Үүнээс хойш давхар дээл, дан дээлийн талаар нийгмийн зөрчил үл ойлголцол байхгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье. 

Хоёр дахь нь яг энэ асуудалтай холбоотойгоор нэгэнт УИХ-ын 4 гишүүн нь Засгийн газарт заавал ажиллах ёстой юм гэдэг зүйл заалт байхгүй болж байгаа юм бол  УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байна. Яагаад вэ гэхээр 2019 онд 76 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дээд тал нь 4 УИХ-ын гишүүн ажиллах нь зүйтэй юм гэсэн үндэслэлээр  2019 оны үндсэн хуулийг хийсэн байгаа юм. Өөрчлөлтийг нь оруулсан байгаа. Гэтэл өнөөдөр энэ хязгаарлалт байхгүй боллоо. Байхгүй болсон тохиолдолд цаашдаа засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор дараагийн асуудал нь ҮХЦ-ээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй, энэ бол УИХ-ын шийдэх ёстой асуудал юм гэсэн байдлаар тогтоолд агуулгаараа туслаа.  Энэ бол Монгол улсын парламентийн түүхэнд, парламентын ардчиллын түүхэнд шинэ, түүхэн үе болж байна. Өөрөөр хэлбэл ҮХЦ өнөөдөр Үндсэн хуулийн хамгаалагчийн хувиар үндсэн хуулийн зөрчлийг арилгадагийн хувиар цаашаа үндсэн хуулийн хөгжлийг баяжуулж өөрөөр хэлбэл зөв зүйлийг УИХ болон холбогдох инстуциудэд чиглэлийг нь өгөх засаж залруулах ажлыг өнөөдөр хийлээ гэж үзэж байна" гэлээ.

     

Таны сурталчилгаа