УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы санаачлагаар Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуульд түшиглэн “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” сургалт, арга зүйн төвийг байгуулан 2022 оны 8-р сарын 30-ны өдөр үйл ажиллагааг эхлүүллээ.
Дэлхий нийтэд байгаль экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай хүчин зүйлээс шалтгаалсан гамшигт үзэгдэл, ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг, ойлголт авах, ур чадварт суралцах нөхцөлийг бүрдүүлсэн уг танхим нь Монгол Улсын хэмжээнд анхны жишиг загвар төв болох бөгөөд цаашид жишиг болохуйц сургалтуудыг явуулснаар болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, сэргээн босгох чадвартай иргэдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус жишиг төвийг хүлээлгэн өгөх ажиллагаанд Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, доктор П.Оюунчимэг, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл нар оролцож, тус сургуулийн хамт олонд Монгол Улсын Шадар сайдаас ирүүлсэн Илгээлтийг сайдын зөвлөх уламжлан танилцууллаа.
Энэхүү төвд явагдах арга зүйн сургалтуудад Баянцагаан сумын сургуулийн сурагчид, оролцооны клубуудээс гадна Баянхонгор аймгийн Амарбуянт бүсийн Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан зэрэг сумын сургуулиуд эхний ээлжинд хамрагдах юм. Мөн өдөр дээрх сумдын сургуулиуд, Онцгой байдлын байгууллага хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгууллаа.