Цаг үеийн мэдээ

Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шигтгээ мэт гялалзсан дуучин, хөгжимчин Б.Цог агсны “Шигтгээгийн Цогоо” нэртэй хос пянз худалдаанд гарлаа. Гэр бүл найз нөхөд нь түүний амьд ахуйдаа эхлүүлж байсан хүсэл мөрөөдлийг нь биелүүлж энэхүү пянзыг гаргажээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Бидний удаан хүсэн хүлээсэн гайхалтай нэгэн Монгол пянз Германд хэвлэгдээд дөнгөж ирээд байна. "Шигтгээгийн Цогоо" нэртэй 12 инчийн 180 гр энэ хос пянз шинээр давалгаалсан монгол пянзнууд дунд анхны 12 инчийн LP vinyl болон Maxi Single хослол гэдгээрээ онцлогтой пянз бол түүхэнд үлдэх нь. Дуу хөгжмөөр жигүүрлэж олондоо хайрлагдаж хүндлэгдэж явсан эгэл даруу, авьяаслаг эрхэм анд нөхрийнхөө дурсгалыг хамтдаа дахин хүндэтгэн мэхийе. Монгол агуулга бүхий пянз бидний цуглуулгын голт зүрх амин утга учир нь билээ. Бид үүгээрээ л дэлхийн пянз цуглуулагчид дунд онцгойрч сондгойрч дийлэх учраас тэр билээ. Бас бидний ирээдүй хойчдоо авч хадгалж үлдээж буй том өв соёл учраас болж өгвөл Монгол пянзнуудаа илүүтэй идэвхтэй худалдан авч давхар монгол уран бүтээлчдээ дэмжээрэй. Бид хамтдаа байхдаа хүчтэй. Уг хос пянз 190 мянган төгрөгөөр өнөөдрөөс эхлэн "Chinzo's Record Room" дэлгүүрээр худалдаалагдана” хэмээжээ.

Пянзыг "Retro Records Mongolia", "Chinzo's Record Room" эрхлэн гаргаж, remastering бичлэгийг "Bayar Sound Studio", пянзны дизайн чимэглэлийг "Khiad Art Studio" хийсэн байна. 33 эргэлттэй пянзанд дуучин Б.Цогийн хит болсон 11 дуу багтсан бол 45 эргэлттэй maxi single пянзанд гурван бүтээл багтжээ.

Б.Цог агсны 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд өөрийн нүүр номдоо оруулсан дотно найз нөхдөдөө талархал илэрхийлсэн постыг пянзны хавтсанд хэвлэж мөнхөлсөн бөгөөд пянзны нүүрний зургийг ч мөн адил өөрийнх нь бүтээж хийсэн зургаар чимжээ.

"Chinzo's Records Room" дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь, хаяг:

Цагийн хуваарь: Мягмар-Ням 11.00-19.00

Хаяг: Сөүлийн гудамж, Наран молл дэлгүүрийн ард 45-р байр, 1-р орц, 3 тоот

Утас: 90077040, 88628068