Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Бээжин хотноо 9 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд болж буй “Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг 2022”-ын соёл, аялал жуулчлалын үйлчилгээний үзэсгэлэнгийн хүрээнд 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Өнгөлөг дэлхий” соёлын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ эх орноо төлөөлөн оролцож байна. 

“Бүс ба зам”-ын дагуух улсуудыг урьж оролцуулж буй энэ удаагийн “Өнгөлөг дэлхий” соёлын арга хэмжээг Бээжин хотын Ардын засгийн газар, Хятадын төв радио, телевиз, Бээжингийн урлагийн групп зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гадаадын 30 ЭСЯ болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон уг арга хэмжээний нээлтийн ажиллагаанд тус ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг оролцож, Монгол Улсын үндэсний соёлын онцлогийн талаар товч мэдээлэл хийв.

“Өнгөлөг дэлхий” арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд нийт 6 удаа амжилттай зохион байгуулагдаж, “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудын соёлын солилцоо, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, харилцан суралцахад тус дөхөм үзүүлэх чухал платформ болсныг зохион байгуулагчдын зүгээс нээлтийн арга хэмжээний үеэр онцолсон юм.

Арга хэмжээ зохион байгуулагдаж буй эдгээр өдрүүдэд ЭСЯ-ны нийт бие бүрэлдэхүүн оролцож, Монгол Улсаа сурталчлах павильоноор дамжуулан улс орныхоо соёл уламжлал, онцлогийг сурталчлан таниулж байгаагаас гадна 9 дүгээр сарын 2-ны өдөр морин хуур, төгөлдөр хуурын тоглолт, монгол дуу, цамын бүжиг болон ноолууран бүтээгдэхүүн, үндэсний хувцасны загварын үзүүлбэр бүхий арга хэмжээ толилуулсан нь үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж, талархлыг хүлээсэн болно.