Монголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Тойргийн сүүлийн тоглолт Дэрэн болон СФ Фалконс багуудын хооронд өрнөж, 3-2 гэсэн харьцаатай Дэрэнгийн ялалтаар өндөрлөв.
Тоглолтын үеэр Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа Бразил тоглогч Тиаго Томайсыг тохуурхан сармагчин шиг үйл хөдлөл үзүүлжээ.
Тоглолтын дараа “Mobi” дээд лигийн зүгээс мэдэгдэл гаргаж тухайн асуудлыг дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ гэлээ. Мэдэгдэлд :
"2022-2023 оны улирлын Монголын хөл бөмбөгийн холбооны “Моби Дээд Лиг”-ийн 3-р тойргийн сүүлийн тоглолтын 72 дахь минутад эсрэг багийн тоглогч руу зүй бус үйлдэл гаргасан тохиолдол гарсан тул МХБХ-ны дүрэм журмын дагуу уг асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Иймд хөгжөөн дэмжигчид та бүхэн тоглогчийн нэр хүндэд цахим сүлжээнд халдахгүйгээр соёлтой байж хүлээцтэй хандахыг хүсье" гэжээ.
Дэлхийн хөлбөмбөгийн томоохон лигүүдэд тамирчид нэгнийгээ ялгаварлан гадуурхаж, сармагчин шиг хөдлөх, дуу авиа гаргах, гадил шидэх зэрэг тохиолдолд тухайн тамирчин, үзэгч, клубийг хатуу торгодог.