Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш нар “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аян болон ШӨХТГ-аас хийгдсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нэг сарын хугацаатай үргэлжлэх аяны зорилго нь хэрэглэгч чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, мэдээлэл авах эрхийг хангах, сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэх, үүнтэй холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрчимжүүлэх юм. 

“Аяны хүрээнд зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр болон тэдгээрт бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийг арилгаж, цаашид тухайн зөрчлийг дахин гаргахгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглэгч, худалдагч, нийлүүлэгчийн хариуцлага, хяналтыг сайжруулах арга хэмжээ авна. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор 51 аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ хийн ажиллаж байна. Гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон тохиолдолд дэлгүүр худалдааны төвүүд манайд мэдээлэл өгч ажиллана. Энэхүү бодлогын гэрээ байгуулснаас хойш гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороогүй байгаа” гэж ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдэгдлээ. Мөн тэрбээр хийгдсэн зарим хяналт шалгалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Импортын будааны хаяг шошгожилтод хяналт шалгалт хийлээ

Савалсан цагаан будааны гарал үүсэл, савалгаа, хаяг, шошгожилтийн мэдээлэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан. 

Хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн зах зээлд савлан худалдаалж байгаа будааны хаяг, шошгожилтод оноосон нэр өгөх замаар барааны тэмдэгээр бүртгүүлэн эрхийн хамгаалалт хийгдсэн боловч тодорхой нэг орны бүтээгдэхүүн гэж ойлгогдоход чиглэгдсэн оноосон нэр хэрэглэх, төөрөгдөхүйц мэдээлэл загвар бүхий савалгаа ашиглаж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна гэж үзэж байна. Тухайлбал, БНХАУ, БНСВАУ-д үйлдвэрлэсэн /тариалсан ургац/ боловч Монгол Улсад савласан будааны хаяг, шошгололтод “Сакура”, “Слава”, “Сүши”, “Japonica” нэршлээр савлан худалдаалж байна. 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй: 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;” гэж заасан. Мөн      Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.” гэж заасан.

Оюуны өмчийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжоор Оюуны өмчийн байгууллагын Маргаан шийдвэрлэх комиссоор төрийн эрх бүхий байгууллагын шаардлага, хүсэлтийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу хэрэглэгчдэд энэхүү төөрөгдөлд хүргэж болох нөхцөл байдлыг таслан зогсоох, ингэхдээ дээр дурдсан оноосон нэршлээр барааны тэмдгийн эрхийн баталгаажилтын үйл ажиллагааг эргэн харах, цуцлах хүртэл арга хэмжээ авах шаардлагыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1467 дугаартай албан бичгийг Оюуны өмчийн газарт шаардлага хүргүүлээд байна.

“Бамбарууш” нэрийн будааны савалгаанд жинг “10 кг” гэж тэмдэглэсэн болов ч бодит жинг шалгахад 290-615 граммаар бага буюу жиндээ хүрэхгүй байна. Иймд “Бамбарууш” нэрийн будааг савлан худалдаалагч иргэн Ё.Ц-д Зөрчлийн тухай хуульд заасан журмын дагуу 900.0 /есөн зуун мянга/-н төгрөгийн  торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн 2022 оны 39 дугаартай албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулан ажиллаж байна.

Дэлгүүрт худалдаалагдаж байгаа 10 бүтээгдэхүүний 6-7 нь зөрчилтэй байна

Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, хаягийн тухайд хаанаас импортолсон нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн их байна. Манай улсад худалдан борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүн хаяг шошго, гарал үүсэл, хэрэглэх заавар нэмэлт шошготой байх ёстой. Мөн Англи, Монгол, ОХУ гэсэн гурван хэлээр бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгч байх ёстой. Гэтэл шошго дутуу, хаанаас импортолсон гэдэг нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн их байна. Манай байгууллагын улсын байцаагч нар дэлгүүрээс түүврийн аргаар 10 бүтээгдэхүүн авахад 6-7 нь дээрх зөрчилтэй байна.

Цаашид иргэд, үйлдвэрлэгч, худалдаачидтай хамтран энэ асуудлыг таслан зогсоохгүй бол хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөх эрсдэлтэй байна. 

Мөн хүнсний сүлжээ дэлгүүрүүд болон зах худалдааны төвүүдийн барааны кассын үнэ болон болон лангууны үнийн зөрүүтэй асуудлаар шалгалт хийж, зөрчигдөж буй дүрэм стандартыг тодруулсан. Лангууны болон кассын үнэтэй зөрөх зөрчил гаргасан таван дэлгүүрийг тус бүр таван сая төгрөгийн торгууль оногдууллаа. Мөн жин хэмжүүр нь зөрүүтэй, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчилтэй, дэлгүүр худалдааны төвүүдийг мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, цааш шалгалтыг үргэлжлүүлж байна.

Худалдааны хууль бус арга хэрэглэсэн 6 аж ахуй эрхлэгчид тус бүр 20 сая төгрөгийг торгууль ногдууллаа

Зургаадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ихээр ирсэн. Зургаадугаар сарын 13-16-ны өдрийн хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн. Цементийн үнийн өсөлттэй холбоотой гомдол санал их ирсэн. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнэ нэмээгүй байсан. 

Цемент худалдан борлуулж байсан 15 гэрээт аж ахуй эрхлэгчид зөрчлийн хэрэг нээн шалгаад 6 аж ахуй эрхлэгч худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүй үнийг нэмэгдүүлсэн тул тус бүрд 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байна.

Сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй гэж үзэн зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

“Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой сурагчийн дүрэмт хувцасны үнэ өслөө” гэдэг гомдлын дагуу бид хяналт шалгалт хийсэн. “Монголын оёдлын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын гишүүн аж ахуйн нэгжүүд 2022 оны долдугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-ийн хурлаараа 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох зөрчлийн шинжтэй үйлдэлд нь наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, бүртгэлийн ажиллагааг эхлүүлээд байна.