Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Хотын даргын албыг хашиж буй Д.Сумьяабазарын хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь бодитоор ажил хэрэгч санал гэхээсээ илүүтэй иргэдийг талцуулж, багагүй шүүмжлэлд өртүүлдэг. 

Усан замын тээвэр, Хөнгөн галт тэрэг, автомашины тээврийн хязгаарлалт гээд түүний сошиал топ солиорлууд ар араасаа хөвөрнө. Тэрээр хотын дарга болмогцоо Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар болгон томруулж төсвийг нь ч тэр хэрээр нэмэгдүүлэн баталсан. 

Сошиал хотын даргын түгжрэлийг бууруулах уянгын халилтай поп шинэлэг санаанууд болон хаалтын гэрээ хийх батлагдсан жилийн төсөв хоёр тэрбум төгрөг. /Шилэн дансны мэдээллийг хавсаргав/

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хотын даргаас өөрсдийн өнцөг, сэдвээр ярилцлага, тодруулга авах боломж бүрэн хаагдсан гэхэд хилсдэхгүй. 

Тогтмол хэвлэл, телевиз, радио, зурагчин, зураглаач, сошиал нийгмийн сүлжээ хариуцсан мэргэжилтэн гэх мэт нийтдээ 16 хүний бүтэцтэй ажиллах хотын даргын пи-ар баг түүний өдөр тутмын бэлдсэн мэдээг гэрээт хэвлэлүүдээрээ өдөр бүр цацаж иргэдийн тархийг угаана. Харин тэд уянгын халилдаа хэт автаж даргынхаа нэр хүндийг сошиалд болон нам, улс төрийн түвшинд ч булшилж байгаагаа анзаардаггүй бололтой. 

Сошиал хотын даргын сэтгэлийн хөөрлөөр гаргасан поп солиорлууд үргэлж хана мөргөдөг талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хатуухан шүүмжилж тооцоо судалгаатай ул суурьтай ханддаг байх ёстой гэдгийг ч хэлээд амжсан. Тиймдээ ч чадамжгүй хотын даргын учрыг олох САЙДЫН орон тоог шинээр үүсгэсэн биз.