Ховд аймгийн Буянт сумын харьяат ОРГИХЫН ХАНГАЙ "Монгол улсын Аварга" цол хүртсэний талархал, хүндэтгэлийн наадам ёслол төгөлдөр болж байна.
Энэхүү арга хэмжээг 82 жилийн дараа Ховд нутгаас наадмын түрүү бөхөөр тодорсон Оргихын Хангай, долоо давж Улсын заан цол хүртсэн Баярхүүгийн Бат-Өлзий, тав давж Улсын начин цол хүртсэн Батдоржийн Сосорбарам болон Урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн Мөнхзориг, хэт холын зайн гүйлтийн олон улсын мастер болсон Чулуудайн Батжаргал нарт хүндэтгэл үзүүлэн зохион байгуулж байгаа юм.
Баяр наадмыг нээж аймгийн Засаг дарга, Баруун Бүсийн зөвлөлийн дарга Э. Болормаа Үндэсний их баяр наадамд цол хүртсэн бөхчүүд, эрхий мэргэн харваачид, Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн тамирчинд хүндэтгэл үзүүлэн, баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Дараагаар нь Монгол улсын аварга Оргихын Хангай нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлж, баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ үеэр Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаав.