"Белград-2022" бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо. 22 настай Н.Наранхүү маань өнгөрсөн жил Белградад 23 хүртэлх насны дэлхийн аваргад хүрэл медаль хүртэж байсан бөгөөд жилийн дараа зэрэглэл ахиж энд медалиа ихэрлүүлсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Болгарын Георгий Вангеловыг 9:0-оор ялснаар дэлхийн медальтан боллоо. Ингэснээр манай бөхчүүд Белградад 3 мөнгө, 2 хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов.