Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан “Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” 220 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2022.09.22/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй уулзаж, танилцуулга хийлээ.

Тус тогтоолын 1.1-т “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хороолол төслийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон 142.6 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, гэрээний дагуу тооцсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүнд “ТОСК” ТӨХХК-иас үнэт цаас гаргаж, Монгол Улсын Хөгжлийн банкинд эзэмшүүлэх замаар зээлийн өрийг төлөх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Б.Цэнгэл, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл Ж.Ганбат, 1.2-т үнэт цаасыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арилжаалахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон билээ.

Уг тогтоолын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулж, “Үнэт цаас гаргах баталсан төлөвлөгөө”-ний дагуу Барилга, хот байгуулалтын яам, Хөгжлийн банк, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран, тогтоолын хэрэгжилтийг хангахаар ажиллаж байгаагаа өнөөдөр танилцууллаа.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь үнэт цаас гаргаснаар Хөгжлийн банкны өр тэглэгдэж, тус банкны барьцаанд байгаа иргэдийн 109 орон сууц, 112 авто зогсоол барьцаанаас чөлөөлөгдөж, иргэд орон сууц, авто зогсоолоо өмчлөхийн зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм.

Таны сурталчилгаа