Цаг үеийн мэдээ

Бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жил бүр 600 сая хүн хоол хүнсээр дамжих өвчнөөр өвчилж, 420 мянган хүн нас барж байна. Тухайлбал, Номхон Далайн Баруун Бүсэд жил бүр 125 сая хүн хоол хүнсээр дамжих өвчнөөр өвчилж байгаагийн 40 сая нь 5 хүртэлх насны хүүхэд байна.  

Монгол Улсын хувьд, 2017-2020 онд хоолны хордлогын 51 удаагийн дэгдэлт бүртгэгдэж, 2326 хүн өвдөж, нийт дэгдэлтийн 29,4% гэр бүлийн хүрээнд, 23,5% нь хүүхдийн байгууллага, 21,6% нь албан байгууллагын хоолны газар, 22,5 % ресторан, зоогийн газарт тус тус гарсан байна.

Хүнсний худалдаа эрхлэгчдийн хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг сэргээх, коронавируст (КОВИД-19) халдвар хүнсээр дамжих, мөн хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба санаачлан, Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Коронавируст (КОВИД-19) халдвар хоол хүнсээр дамжихаас сэргийлэх” сургалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Хангарди ордны Их танхимд зохион байгууллаа. 

Сургалтад нийслэлийн БГД,  БЗД, ЧД, ХУД, СБД, СХД-ийн хүнсний худалдаа эрхлэн явуулдаг Нарантуул трейд, Номин тав трейд ХХК, Миний дэлгүүр ХХК, Имарт хайпермаркет, Скай хайпермаркет ХХК томоохон сүлжээ дэлгүүрүүд болон бусад дэлгүүрийн захирал, менежер, эрхлэгч, эрүүл ахуйч зэрэг нийт 40 хүн оролцлоо.  

Сургалтыг  нээж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Б.Баярболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, химийн ухааны доктор, профессор С.Өнөрсайхан, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал нар үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.   

Сургалтад ЭМЯ, МХЕГ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжилтэн, эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч, судлаач нар “Хүнсний аюулгүй байдлын бодлого эрх зүйн орчин”, “Монгол улсад гарч буй хоолны хордлого“, “Хүнсэнд байх аюулууд-хүнс бохирдох шалтгаан, үр дагавар”, “Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал”, “Коронавируст халдвар (КОВИД-19)”-ын үед хүнсний байгууламж, эрүүл аюулгүй орчны халдваргүйжүүлэлт”, “Хүнсний шошгололтод тавигдах шаардлага”, “Хуванцар савны хэрэглээ” зэрэг сэдвээр хичээл заав. Сургалтад оролцогчид “Эрүүл мэнд-эрүүл ахуйн зохистой дадал” сэдвээр 5 бүлгээр ажиллаж дадлага хичээл хийж сургалт үр дүнтэй зохион байгуулагдлаа.  

Сургалтад оролцогчдоос сургалтын өмнө болон сургалтын дараа 12 асуултаар мэдлэгийн сорил авч, сургалтын төгсгөлд нийт оролцогчдод “Сургалтын гэрчилгээ” олголоо.