Цаг үеийн мэдээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна. 

Тодруулбал: Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын даргын захирамжийг хангуулах ажлын хүрээнд Өлзийт, Тавантолгойт, Эмээлт, Баруунтуруун, Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Экологийн цагдаагийн газартай хамтран 24 цагаар хяналт шалгалт хийж, зорчигчдын ачаа тээш, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 112,997 тээврийн хэрэгсэл, 235,476 зорчигчдын ачаа тээшинд үзлэг хийж, 22 удаагийн тохиолдлоор 58 ширхэг тарваганы түүхий тулам, 7 ширхэг тарваганы болсон мах илрүүлжээ. Зөрчлөөр илэрсэн тарваганы түүхий тулмыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн байна. Мөн зөрчил илэрсэн тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийжээ.