Цаг үеийн мэдээ

2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, Японы Элчин сайдын өргөөнд Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, найруулагч Догмидын Сосорбарамд Япон Улсын Засгийн газрын 2022 оны хаврын гадаад иргэнд олгодог одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Одон: “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон

Гавьяа зүтгэл: Япон Монгол орны дуу, бүжгээр дамжсан харилцаа болон хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан.

 Одон гардуулан ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд асан С.Хүрэлбаатар, Монгол Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд асан Р.Жигжид болон түүний найз нөхөд, хамтран зүтгэгч нар ирж баяр хүргэв.

Элчин сайд Х.Кобаяши “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн жил Эрхэм хүндэт Д.Сосорбарам таныг “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон хүртсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Монгол Улсын Багшийн Их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд, Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр орж, тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн тэрбээр 1990 оноос хойш Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд манлайлах үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Япон Улстай харилцах харилцааг чухалчилан, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Япон Монголын соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 45 жилийн ой болоод энэ онд тохиож буй дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд олон тоглолт, үйл ажиллагааг зохион байгуулж, дуу, бүжгээр дамжсан хоёр орны харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан хүн билээ. Түүнчлэн японы соёлын талаарх өөрийн ойлголт, сонирхлыг Монголд түгээн дэлгэрүүлэх үйлсэд одоо ч хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Танд чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлэхийн хамт цаашдын их ажил үйлст тань өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлэн энэхүү одонг өргөмжлөлийн хамт гардуулан өгөв.