Цаг үеийн мэдээ

Монгол улсын Үндэсний шигшээ баг болон Дэрэн клубийн тоглогч Т.Хаш-Эрдэнэ өнгөрсөн жилийн 6 сард болсон ДАШТ-ний урьдчилсан шатанд Киргизстаныг хожсон тоглолтын үеэр бэртэл авсан юм. Түүний авсан гэмтлийн нарийн онош нь Монголд тогтоогдохгүй байсан бөгөөд хэд, хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн ч дорвитой өөрчлөлт гарахгүй байв. 

Харин Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцукагийн холбож өгсөн Япон улсын Тояама хотын (түүний төрсөн хот) “Nezuka Orthopaedic & Sports Clinic” эмчлүүлэх боломж нээгдсэн юм. Ингээд энэ сарын 11-ний өдөр Т.Хаш-Эрдэнэ маань эмчлүүлэхээр Япон улсыг зорьсон билээ. Манай шигшээ багийн алба түүнтэй холбогдоход, 

“2021 оны 6 сард анх гэмтэл авснаас хойш олон удаагийн эмчилгээ хийлгэсэн. Курс эмчилгээ бүр дууссаны дараа бэлтгэлдээ ороход хөдлөхийн аргагүй зовуурилж, дахиж бэлтгэл хийх аргагүй болдог байлаа. Манай эмч нар яг ямар төрлийн гэмтэл гэдгийг нарийн оношилж чадахгүй байсан. 

Харин өнгөрсөн 4 сард Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцукатай уулзахад намайг Nezuka Orthopaedic & Sports Clinic-тэй холбож өгсөн юм. 

Ингээд Монголдоо дахин MRI зураг харуулж, Япон руу илгээсэн. Тэндээс нурууны гэмтэл байж болзошгүй гэсэн таамаг ирсэн бөгөөд Японд хүрэлцэн ирвэл эмчлэх боломжтой гэсэн хариуг ирүүлэв. 

Харин Японд ирсний дараа илүү нарийн, дэлгэрэнгүй шинжилгээнд хамрагдаж, одоо эмчилгээндээ ороод байна. Ямар ч байсан мэс засал хийлгэхгүй гэсэн бөгөөд физик болон нөхөн сэргээх эмчилгээ илүү үр дүнтэй гэсний дагуу эмчилгээ сувилгаагаа эхлүүллээ. 

Эндхийн эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний тал дээр ярих зүйл алга. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Асуудлыг минь шийдэж өгсөн МХБХ-ны удирдлагууд, Шигшээ багийн алба, ахлах дасгалжуулагч Ичиро Оцукад баярлалаа гэж хэлье. 

Бэртлээ хурдан эмчлүүлж дуусаад, талбайд гарч сайн тоглолтоороо хариу барихыг л хамгийн их хүсэж байна” гэлээ.

Ташрамд сонирхуулахад Т.Хаш-Эрдэнийн эмчлүүлж буй уг эмнэлэгт Шигшээ багийн шилдэг залуусын нэг А.Дөлгөөн эмчлүүлээд ирсэн билээ. Түүний хувьд өчигдөр болсон Монгол, Тайвань хоорондын 23 хүртэлх насны тоглолтод оролцсон юм.

Таны сурталчилгаа