Цаг үеийн мэдээ

ОХУ-аас ХБНГУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж Европт хий дамжуулдаг Норд Стрийм 1 болон 2 хоолойд гэнэтийн гэмтэл гарсны улмаас Балтын тэнгист хий алдагдаж эхэлсэн байна. Данийн Борнхолм арал дээрх газарзүйн судалгааны газраас даваа гарагт хий дамжуулах хоолойн орчимд хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон гэдгийг тогтоолоо. Данийн Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх газраас дэлбэрэлтийн тухай мэдээлсний дараа Европын удирдагчид хий дамжуулах хоолойд халдсан хэнд ч хатуу хариуцлага тооцно гэдгийг сануулжээ.

Дани улсын цэргийн нисэх онгоц хий дамжуулах хоолойн орчимд далайн мандал дээр км орчим диаметрт хий хөөсөрч буйг илтгэсэн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн зөвлөх Михайло Подоляк уг халдлагыг Оросын талаас санаатайгаар хийсэн террорист халдлага гэж үзэж буйгаа мэдэгджээ. Түүний хэлснээр өвлийн улирал эхлэхийн өмнөхөн Европ тивийг эрчим хүч, хийн хэрэглээгээр нь хаан боогдуулах гэсэн Оросын санаархал гэж үзсэн байна. Мөн Европын холбоонд хандаж Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг уриалжээ. Нэн ялангуяа Германы Засгийн газар цэргийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэж Подоляк мэдэгджээ.

Даниас гадна Шведийн үндэсний газар хөдлөлтийн судалгааны төвөөс хоёр удаа дэлбэрэлт болсон гэдгийг баталсан байна. Даваа гарагийн үд дундад Норд Стрийм 2 хий дамжуулах хоолойн даралт унаж эхэлснийг операторууд мэдээлжээ. Тиймээс ойролцоох далайн бүсэд аялж буй хөлөг онгоцнуудыг тойрон гарахыг сэрэмжлүүлсэн байна. Үүнээс удалгүй Норд Стрийм 1 хоолойн далай доогуурх шугамд урьд өмнө тохиолдож байгаагүй гэмтэл учирсныг мэдээлжээ. 

Эх сурвалж: ВВС, The Guardian

Таны сурталчилгаа