Орос-Гүржийн хилийн “Дээд Ларс” шалган нэвтрүүлэх боомтод цэргийн бүртгэл дайчилгааны цэгийг удахгүй байрлуулна гэж Хойд Осетийн Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Оросоос Гүрж рүү чиглэсэн автомашины урсгал эрс нэмэгдэж байгаа бөгөөд хилийн боомт дахь нөхцөл байдал туйлын хурцадмал байна хэмээн мэдээлжээ. Дайчилгааны эхэн үеэс хойш олон мянган машин 25 км үргэлжилсэн дараалал үүсгэжээ. Мөн “Хууль бус үйлдэл, зөрчилдөөн үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийг явганаар хилээр нэвтрүүлэхээр болсон” гэж мэдэгдэлд дурджээ. Иргэд машинаар бус унадаг дугуй эсвэл скутерээр хил нэвтрэх боломжтой гэнэ.
Өчигдөр Гүрж улстай хиллэдэг Дээд Ларс хилийн шалган нэвтрүүлэх боомт руу ОХУ-н тагнуулын албаны ажилтнуудтай хуягт машин ирсэн тухай мэдээлж байсан ч Хойд Осетын Хилийн алба үүнийг дараах байдлаар тайлбарласан байна: "Хуягт машин хяналтын цэг байгуулахаар хөдөлж байгаа юм биш, бүдүүлгээр хэлбэл, энэ нь ямар нэгэн урьдчилан таамаглаагүй тохиолдолд жишээ нь дайчилгаанд хамрагдах иргэд бичиг баримтаа шалгуулахгүйгээр хилээр нэвтрэх оролдлого хийх тохиолдолд нөөц болох юм. Зөвхөн энэ зорилгоор. Шалгах цэг байгуулахгүй. Боомт хэвийн ажиллаж байна, Цэргийн насны эрэгтэйчүүдийн хилээр гарахыг хязгаарлахгүй" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Радио свобода