Цаг үеийн мэдээ

Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад явуулсан санал асуулгын дүнг танилцуулсан байна. ОХУ-д эзлэгдсэн Украины дөрвөн мужид явуулсан бүх нийтийн асуулгаар оршин суугчид Оростой нэгдэхийг дэмжсэн тухай мэдээлжээ.

Уг санал асуулгын явц болон дүнг Украины Засгийн газар, түүний холбоотнууд болох өрнөдийн хүчнийхэн хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учир санал асуулгад хөндлөнгийн хяналт тавиагүй байна. Санал асуулгад дөрвөн мужид оршин сууж буй иргэдээс гадна Оросын нутаг дэвсгэрт ирсэн дүрвэгсэд хамрагджээ. 

Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд нь Украины нутаг дэвсгэрийн 15 хувийг эзэлдэг, дөрвөн сая хүртэл тооны хүн санал асуулгад хамрагдах боломжтой. Кремлийн дамжуулснаар санал асуулгад оролцсон иргэдийн 99,23 хувь нь Орос улсад нэгдэхийг дэмжжээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногийн баасан гарагт Парламентад үг хэлнэ. Энэ үеэрээ санал асуулга явуулсан дөрвөн мужийг захиргаандаа нэгтгэх тухай мэдээлнэ гэж ажиглагчид үзэж байна. 

Орос Украин руу цэргээ оруулснаас хойш долоон сарын хугацаанд Украины долоон сая гаруй иргэн дүрвэсний хоёр сая гаруй нь ОХУ руу зугтжээ. Одоогоос найман жилийн өмнө 2014 онд Крымд явуулсан санал асуулгаар иргэдийн дийлэнх нь Оросын талд нэгдэхийг дэмжсэний дүнд эзлэн түрэмгийлэлд өртсөн гэж үздэг.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа