Цаг үеийн мэдээ

Үүлэн технологи нь 2022 оны нисэхийн салбарын 5 чухал технологийн нэг болсон. Хиймэл оюун ухаан, биг дата нь нисэхийн салбарт улам бүр их үүрэг гүйцэтгэх болсон энэ үед үүлэн технологид суурилсан үйл ажиллагаа нь нисэхийн салбарыг улам бүр үр ашигтай болгон, нисэхийн аюулгүй байдлыг урьд өмнөхөөсөө илүү хангаж байна.

Үүлэн тооцоолол нь олон салбарт Excel-ийн хүснэгттэй адил стандарт хэдий ч энэхүү технологийг хамгийн боломжит хэлбэрээр агаарын тээврийн  хөгжилд тэр тусмаа агаарын тээвэрлэгчид болон нисэх буудлын салбарынхан илүү сайн ашиглах болсон. Жишээлбэл, үүлэн тооцоолол нь агаарын тээвэрлэгчдэд шинэ чиглэл нээхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үүлэн технологиор хамгийн их ахиц дэвшил гаргасан дэлхийн томоохон компани бол агаарын тээврийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч SITA (Sociйtй Internationale de Tйlйcommunications Aйronautiques) юм. SITA нь жижиг, дунд нисэх буудлууд дээр дижитал холболтыг амжилттай гүйцэтгэж байна.

Үүлэн технологийн үйл явц нь байгууллагуудад орчин үеийн системийг хямд, найдвартай хэрэгжүүлэх боломжийг олгосон. Нисэх буудлуудын орон зай, засвар үйлчилгээ, дэд бүтцийг хялбарчлахын зэрэгцээ "нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүс" дэх зорчигч бүртгэл, ачаа олголт зэргээс гадна нисэх буудлын дотоод алба, хэлтсүүд энэ технологийг ашиглаж байна.

SITA компанийн Европыг хариуцсан ерөнхийлөгч, ноён Сержио Колелла Нисэх буудлуудыг байнга өөрчлөгдөж буй нөхцөлд дасан зохицоход нь туслах олон шийдлийн  талаар “Simple Flying”-д өгсөн ярилцлагадаа, нисэх буудлууд өмнө нь аюулгүй байдал, зардал, шуурхай үйлчилгээг голчлон анхаарч байсан бол цар тахал энэ салбарт шинэ шаардлагыг авчирч, одоо үүлэн тооцооллыг нэвтрүүлэхэд чухал түлхэц өгч байна гэжээ.

Мөн тэрээр “КОВИД нь агаарын тээврээр зорчигчдын аяллыг автоматжуулах чиг хандлагыг хурдасгаснаар  зорчигчдын гар утас нь аяллын алсын удирдлага, царай таних суугчийн тасалбарын үүрэг гүйцэтгэх болсон. SITA Smart Path, SITA Flex-ийн хамтаар энэ туршилтыг амжилттай гүйцэтгэж байна. SITA Smart Path нь нисэх  буудлаар үйлчлүүлэх зорчигчдын сэтгэл ханамжийг дээшлүүлж, зорчигчдод гар утасны төхөөрөмжөөрөө дамжуулан нисэх буудлын бүх холбоо барих цэгүүдтэй харилцах боломжийг олгох зорилготой биометрийн болон үүлэн технологи бүхий нэгдсэн платформуудын иж бүрдэл юм. Жишээлбэл, Итали Улсын Ром хотын “Фиумичино” нисэх буудлын зорчигчид нь манай Smart Path технологийг ашигладаг бөгөөд ямар нэгэн цаасан баримт бичиггүйгээр биометрийн мэдээллээ ашиглан агаарын хөлөгт суух боломжтой байдаг. Бээжингийн олон улсын нисэх буудал дээр SITA-ийн Smart Path  нь зорчигчдод үзүүлэх үйлчилгээг ихээхэн хурдасгадаг. Жишээ нь, 400 гаруй зорчигч Airbus A380 маягийн агаарын хөлөгт 20 минут хүрэхгүй хугацаанд суух боломжтой байдаг. Smart Path-ыг ашиглан зорчигчид татваргүй барааны худалдаа хийхдээ зөвхөн нүүр царайгаа сканердах л хангалттай" хэмээн ярьсан байна.

Үүлэн технологийн давуу талуудыг нисэхийн салбарын өргөн хүрээнээс харж болно. Агаарын тээврийн компаниуд болон зорчигчид эдгээр шийдлүүдийг хэд хэдэн түвшинд ашиглаж байна. Орчин үеийн платформууд нь үүлэн дээр суурилсан орчинд бодит цагийн найдвартай хамтын ажиллагааг идэвхжүүлдэг. Үүний үр дүнд нисэхийн салбар дэлхий даяар хамтран ажиллах шинэ арга замыг бий болгож байна.

Эх сурвалж: simpleflying.com