Шинэ хийн хоолой Норвег улсаас 10 тэрбум куб метр хий нийлүүлэх боломжтой. Энэхүү нээлтийг "хийн салбар дахь Оросын ноёрхлын төгсгөл" гэж нэрлэжээ.
Норвег улсаас Польш, Дани болон хөрш зэргэлдээ орнууд руу хий нийлүүлэх "Балтын хоолой" хийн хоолойн нээлтийн ёслол Польшийн Голениов хотод боллоо. Энэ тухай есдүгээр сарын 27-ны мягмар гарагт Европын комиссын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Шинэ хийн хоолойг Норвегоос Польш руу жил бүр 10 тэрбум куб метр хий импортлох, Польшоос Дани руу гурван тэрбум куб метр хий нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Европын комисс мэдэгдлээ. Хийн шахуургыг 2022 оны 10-р сарын 1-нээс нээхээр төлөвлөж байна.
Данийн эрчим хүчний "Энержинет" компани 11-р сарын сүүл гэхэд хийн хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж мэдэгджээ.
"Балтын хоолой нь бүс нутгийн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах гол төсөл бөгөөд хийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн ЕХ-ны бодлогын үр дүн юм. Энэхүү хоолой нь өнөөгийн эрчим хүчний хямралын үр дагаврыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж ЕХ-ны Эрчим хүчний салбарын тэргүүн Кадри Симсон мэдэгджээ.
Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки нээлтийн ёслолын үеэр "Оросуудын байгалийн хийн салбарт ноёрхож байсан дарамт шахалтаар дүүрэн эрин үе эрин үе дуусаж байна" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: DW