Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Галзуу өвчинтэй тэмцэх дэлхий өдөр тохиож байна. Уг өвчин нь дэлхийн 150 гаруй улс оронд гардаг вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой вирусийн гаралтай өвчин юм.

 Дэлхий даяар энэхүү өвчинтэй тэмцэхэд жил бүр 8.6 тэрбум долларын өртөг зарцуулдаг бөгөөд голчлон Ази, Африкт тивд тохиолдож, өвчний халдвараар жил бүр хэдэн арван мянган хүн нас бардаг.

  Галзуу өвчнөөр чоно, үнэг, хярс, сарьсан багваахай, зурам, баавгай, өмхий хүрэн болон бусад зэрлэг амьтад, нохой, муур, гахай зэрэг гэрийн тэжээвэр амьтад, таван хошуу мал, өвчилдөг байна. 

 Мал, амьтныг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр 2,4-3,1 сая толгой мал, амьтныг галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулдаг. Мал, амьтныг вакцинжуулах, нохойд хазуулахаас урьдчилан сэргийлэх замаар галзуу өвчний халдварыг таслан зогсоох боломжтой.

 Манай улсад 2022 оны эхний хагас жилийн мэдээгээр давхардсан тоогоор 13 аймгийн, 35 суманд, 62 голомтод, 50 толгой мал, 21 толгой зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтан, нийт 71 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилж, үүнээс 48 толгой мал, амьтан үхэж, 23 толгой мал, амьтныг зориудаар устгасан байна.