Цаг үеийн мэдээ

Иргэн Ивээлийг Говь-Алтай аймгийн Цээл суманд Алтайн хойлог шувуу агнаж, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-ын ховор шувууны төрөлд багтсан “Алтайн хойлог” шувуу нь тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй гэх ангилалд хамаардаг, тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглосон шувуу юм.

Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5,400,000 - 27 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч иргэн "И"-д Эрүүгийн хуульд заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Говь- Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Түүнчлэн Амьтны тухай хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу түүний Алтайн хойлог шувууг агнасны улмаас байгаль- экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна.