Цаг үеийн мэдээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өчигдөр боксын спортын Иордан улсын Амман хотод болсон Азийн АШТ, Герман улсын Кёльн хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулав. 

Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр Э.Мичидмаа, М.Энхжаргал, Г.Бадмаараг, Т.Номин-Эрдэнэ, Б.Буяндалай нарыг шагнасан бол Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Ц.Даваасүрэн, Ж.Еркин нарыг шагнаж урамшуулав. 

Шагнал гардуулах ёслолын үеэр Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ “Баг тамирчдын зуны бэлтгэл сургуулилттай танилцаж явахад бэлтгэл нь сайн байсан. Миний бие Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн хуралд хоёр удаа оролцохдоо баг тамирчидаа хэрхэн бэлтгэх, дасгалжуулагчдад чиглэл өгөх зэргээр ойр дотно ажилласан. 

Мөн Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн зүгээс боксын спортын хөгжил, тамирчдын амжилтанд анхаарал хандуулж, олон талт ажил өрнүүлж байна. Үүний үр дүнд Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын тэмцээнээс баг тамирчид маань амжилттай сайн оролцоод ирлээ” хэмээн тэмдэглэв. 

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Буяндалай, Т.Номин-Эрдэнэ мөнгө, Л.Алтанцэцэг, О.Есүгэн, У.Шинэцэцэг, Э.Эрдэнэтуяа, Х.Энхмандах, Г.Лундаа, Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн цомын тэмцээнээс Э.Мичидмаа, М.Энхжаргал, Г.Бадмаараг алт, Д.Дагвадорж, Х.Энх-Амар нар мөнгө, Н.Оюун-Эрдэнэ, О.Тулга, Т.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн юм.