Цаг үеийн мэдээ

Газар хөдлөлтийн голомт нь Баруун Ява мужийн Чианжур хотод болсон 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас шинэчилсэн мэдээллээр 268 хүн амиа алдсан гэж Associated Press агентлаг мэдээллээ.

Байшин барилга нурсны улмаас шархадсан мянга гаруй хүн Чианжур хотын ойролцоох эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байна. Хотын эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрсэн учир олон хүмүүс хотын гудамжинд майхан барьж эмнэлгийн тусламж авахыг хүлээж байна.

Аврах албаныхан хотын ойр орчимд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нутгийн оршин суугчдаас гэр бүл, найз нөхдөө сураггүй алга болсон гэх мэдэгдлүүд ирсээр байна.

Газар хөдлөлт болсон хотод Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо зочилжээ. Тус улсын эрх баригчид Чианжуурыг бусад хотуудтай холбосон гол гүүр зэрэг дэд бүтцийг аль болох хурдан сэргээнэ гэж тэр мэдэгджээ. Түүнчлэн Индонезийн засгийн газар байшин орон сууц нь эвдэрсэн оршин суугч бүрт 50 сая рупи (3,180 доллар) хүртэлх хэмжээний төрийн тусламж олгоно гэж тэр мэдэгдсэн байна.

Арваннэгдүгээр сарын 21-ний даваа гарагт болсон уг газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийн дунд тухайн үед Чианжур хотын Исламын сургуулиудад хичээллэж байсан сургуулийн олон сурагчид байгаа аж.

Индонезийн Цаг уур, геофизикийн агентлагийн (BMKG) мэдээлснээр 2200 орчим байшин эвдэрч, 14000 орчим хүнийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа