Цаг үеийн мэдээ

Энэ бол шинэ дээд амжилт юм. Теннесси мужид 30 жилийн турш гүн хөлдөөсөн үр хөврөлөөс хоёр ихэр хүүхэд мэндэлжээ. Энэ бол хөлдөөсөн үр хөврөл хадгалж байсан түүхэн дэх хамгийн урт үе юм. Үр хөврөл 1992 оны 4-р сарын 22-ноос хойш шингэн азотын дотор -128С-ийн температурт хадгалагдаж, амьдрах чадвараа хадгалсаар ирсэн байна. Энэ оны эхээр тэднийг гэсгээж, ирээдүйн ээж Рэйчел Ридгвэйд шилжүүлэн суулгасан бөгөөд тэрээр энэ оны аравдугаар сарын 31-нд ихэр хүүхэд төрүүлжээ. Лидия-Энн, Тимоти-Роналд Ридгвэй гэж нэрлэсэн бөгөөд шинэ дээд амжилт тогтож байна гэж Үр хөврөлийн донорын үндэсний төв (NEDC) гэх хувийн байгууллага мэдэгджээ. Өмнөх амжилт нь гүн хөлдөөж 27 жил хадгалагдсан үр хөврөлөөс 2020 онд төрсөн Молли Гибсон (тэр ч бас NEDC-ийн ачаар мэндэлсэн) юм.

Уг ихэр үр хөврөлийг 1990-ээд оны эхээр нэр нь үл мэдэгдэх гэрлэсэн хосуудад үр шилжүүлэн суулгах замаар бүтээжээ. 2007 он хүртэл үр хөврөлийг АНУ-ын баруун эргийн лабораторид хадгалж байсан бөгөөд дараа нь хосууд тэднийг Теннесси мужийн Ноксвилл дэх NEDC-д хандивлахаар шийджээ.

Эрүүл хүүхэд төрүүлсэн тухай мэдээ нь бусад боломжит эцэг эхчүүдэд үр хөврөлөөс төрсөн хүүхдүүд үрчилж авах аз жаргалыг мэдрэхэд түлхэц болно гэдэгт тус төв найдаж байна гэж NEDC мэдэгдэлдээ дурджээ.

Ихрүүдийн эцэг эх Ридгвэй хос аль хэдийн нэгээс найм хүртэлх насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд тэд нар нь бүгд байгалийн жамаар, үр суулгахгүйгээр төрсөн байна. Ихрүүдийн эцэг Филип Ридгвэй CNN-д "Бурхан Лидиа, Тимоти хоёрт амь өгөхөд би дөнгөж тавхан настай байсан. Тэр цагаас хойш тэр тэднийг амьд байлгасаар ирсэн. Тиймээс нэг ёсондоо тэд бидний хамгийн том хүүхдүүд ч гэсэн хамгийн жижиг хүүхдүүд юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа