Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд “Цагааннуур” чөлөөт бүсийг 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан гааль, мэргэжлийн хяналт, дотоодын цэрэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангуулах, Цагааннуур тосгоноос чөлөөт бүс хүртэл шилэн кабелийн сүлжээ байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.   

“Цагааннуур” чөлөөт бүс нь 708.4 га талбайтай, Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 65 км, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур хилийн боомтоос 25.8 км зайд нутгийн гүнд оршдог. Баруун бүсийн аймгууд болон БНХАУ-аас ОХУ, цаашлаад Европ руу гарах Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу байрладаг давуу талтай.    

Чөлөөт бүсийг нээснээр Хятад, Орос, Казахстанаас орж ирэх импортын барааны нэр төрөл нэмэгдэж, хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр баруун аймгийн иргэдийг хангах, чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх ач холбогдолтой. Мөн малын гаралтай түүхий эд боловсруулах, “халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Хятад, Орос, Казахстан улс, цаашлаад Ойрхи Дорнодын улсуудад экспортлох боломжтой төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудыг дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, бараа бүтээгдэхүүний урсгал бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.

 Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ

Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар  авах арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй холбогдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдаас тавьж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх нь чухал гэдгийг тус улсын төр, засгийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөгчдийн бүх түвшинд тавьсан байна.

Энэхүү тогтоол хэрэгжсэнээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулахтай холбоотой үүссэн гомдлыг шийдвэрлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 Товч мэдээ

·      Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.

·      Уул уурхайн олборлолт болон экспортын тээвэрлэлтийг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлшний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.

 

Таны сурталчилгаа