Цаг үеийн мэдээ

 Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчид 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 98 жилийн ойн баяраар Цэргийн тангаргаа өргөхөөр бие сэтгэлээрээ догдлон хүлээж байна. 

Жагсаалын бэлтгэлээ базааж, Цэргийн тангаргаа уншиж, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, тасагтай ажиллагаа, урлагийн тоглолтоо чамбайруулж, үргэлжлүүлэн гутлаа тосолж, дүрэмт хувцсаа цэгцэлж эмхлээд л тун завгүй.

 Эх орондоо эр цэргийн тангаргаа өргөхөөр тэсэн ядан хүлээж байгаа мянга мянган дайчдын төлөөлөл болгож, “Танкийн тусгай хороо” гэдгээрээ ард түмэндээ алдаршсан Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Баттогтохын Эрболд, Ичинноровын Эгшиглэн нарыг онцолж байна. 

 Тэд Архангай аймгийн Тариат сумаас татагдаж ирсэн төрсөн ах дүүс бөгөөд дүү нь өвөөгөөрөө овогложээ. Сумаасаа наймуулаа ирсэн гэнэ.

 Байлдагч Б.Эрболд угтаа 2021 онд 19 настайдаа хугацаат цэргийн албанд мордох төлөвлөгөөтэй байсан ч цэрэг татлагын үеэр короно туссан байсан учир арга буюу өнжиж энэ жил дүүтэйгээ хамт ирсэн гэнэ. Тэрээр Тариат сумандаа Ерөнхий боловсролын сургуулийг дүүргээд Улаанбаатар хотод Монгол, БНСУ-ын хамтарсан Политехникийн коллежид автомашины засварчин мэргэжлээр суралцаж төгсжээ. 

 Нийслэлд мэргэжлээрээ ажиллаж байхад нь удахгүй цэргийн татлага явагдана гэсэн мэдээг сонсоод л нутагтаа ирсэн гэнэ. Цэргийн албанд нутгаасаа явах гэж. Өвөө, эмээ нь “Миний хоёр хүү нэгэндээ ханьтай, дэмтэй яваад ир” гэж урамтай нь аргагүй дэмжиж. Цэргийн албанд ирсэн эхний өдрүүд бол мэдээж сонин байсан. Орчин солигдож, дэг журам, зохион байгуулалтад ороод ирэхэд хэнд ч тэгж санагдана. Харин одоо бол албандаа дасаад сайхан байна. Яг л халагдах гэж байгаа цэрэг шиг Цэргийн тангараг өргөх өдрөө хоног тоолон хүлээж байгаа гэсэн. 

 Байлдагч Б.Эрболдын хүсэл мөрөөдөл цэргийн хүн болох бөгөөд албаа нэр төртэй хаачхаад үүнийгээ бодит ажил болгох төлөвлөгөөг өвөртөлжээ. 

 Харин түүний дүү байлдагч И.Эгшиглэн нь ахыгаа бодвол үг дуу цөөтэй, тун даруухан нэгэн ажээ. 12 дугаар ангиа төгсөөд ирсэн түүний ангийнх нь хоёр найз болох Э.Ганпүрэв, Б.Мөнхбат нар ч хамтдаа ирж. Байлдагч маань сагсан бөмбөгөөр тоглодог, сошиал сүлжээнээс Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах гээд гоё тэмцээн байдгийг харсан. Тэр тэмцээнд нь заавал оролцох болно гэж байна. 

Тэд 14 хоног тутамдаа ар гэрийнхэнтэйгээ утсаар болон дүрсээ харж ярьдаг гэнэ. Саяхан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа ээж И.Баттогтохтой ярихад “Миний хөвгүүд сайхан харагдаж байна. Би хөвгүүдээ хүмүүжилтэй сайн өсгөжээ гэж өөртөө баяр хүргэж байгаа. Учир нь миний хөвгүүд эх орноо хайрлах сэтгэлтэй, иргэний үүргээ ухамсарласан байгаад нь талархаад баршгүй” хэмээн баяр хүргэжээ.  Харин тэдний Цэргийн тангараг өргөх ёслолыг өвөө Л.Ичинноров, эмээ Р.Бадамханд нар нь үзэж сонирхохоор нөгөөдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Тариат сумаасаа ирэх гэнэ. Өвөө, эмээдээ цог жавхаатай сайхан цэрэг болсноо харуулах нь тэдний догдлон хүлээх  нэгэн шалтгаан болж буйг онцолж байв. 

Хайртай хөвгүүдээ эх орныхоо эр цэрэг болсноо тангараглахыг харж зогсох өвөө Л.Ичинноров, эмээ Р.Бадамханд нарт нь ямар их бахархал төрөх бол. Дайчин бүрийн аав, ээж, ах дүүс, найз нөхдөд дэндүү их омогшил, талархал, бахархал ундрах нь гарцаагүй.