Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн Есдүгээр сарын 9-ний өдөр 600 сая төгрөгийн бооцоотой халз тулааныг МУГТ Э.Цэндбаатар болон Холимог тулаанч З.Шинэчагтга нар хийсэн билээ. Уг тулаанд Цэндбаатар өөрийнхөө төрлөөр тулалдаж, ялалт байгуулсан. Тэмцээн дууссаны дараагаас З.Шинэчагтга бооцооны мөнгөө өгөөгүй, худлаа хэллээ, энэ тулаан нь шоу байсан гэх мэтчилэн олон нийтийн дунд буруу ташаа мэдээлэл түгээд байсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийж, З.Шинэчагтга бооцооны 300 сая төгрөгөө Э.Цэндбаатар өгч байгаагаа мэдэгдлээ.

Холимог тулаанч З.Шинэчагтга: “Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа коммент бол миний бичсэн зүйл биш. Тулааны дараа өөрийн цахим хуудсандаа тулаан болж өндөрлөлөө үнэхээр барсангүй гэдгийг мэдэгдэж байсан. Цахим орчинд тархаад байгаа зүйлийг өнөөдөр л олж мэдлээ. Хүмүүсийн надад руу хандаж байгаа хандлага нь худалч, хуурамч, мөнгийг нь өгөхгүй зугтсан зэрэг хар массаар над руу дайрч байсан. Миний бооцооны мөнгийг гаргаж өгөх ёстой компани маань намайг ч хүлээлгэсэн, Цэндбаатарыг ч хүлээлгэж, 2 сар гаруй хугацаа боллоо. Энэ хүртэл чимээгүй хүлээсэн. Ямартай ч өнөөдөр нэг талдаа гарж асуудлыг шийдэж, мөнгийг нь өгч байгаадаа баяртай байна” гэв.