УДБЭТ-ын Гоцлол дууны ангийн 70 жилийн ойн арга хэмжээний хэвлэлийн бага хурал боллоо.
1951 он Хөгжимт драматик театрт нэгэн дэвшил гарсан нь Б.Дамдинсүрэнгийн "ЖАРГАЛЫН ЗАМ" дуурь тавигдсантай салшгүй холбоотой. Уг дуурьд гоцлол дуучид ачааны хүндийг үүрсэн нь ХДТ-ын бүрэлдэхүүнд ГОЦЛОЛ ДУУЧИД гэсэн бие даасан уран бүтээлчид байх ёстойг харуулсан юм. 1952 оны 10-р сарын 06-ны өдөр театрын дарга Н.Цэгмэдийн тушаалаар Л.Цогзолмаа, Ц.Пүрэвдорж, Д.Пүрэвсүрэн, Ж.Дорждагва, Ц.Дагванамдал, Д.Баатар, О.Даваадорж, Д.Чулуун, М.Нямсүрэн, Д. Долгоржав, М. Шинэхүү, В.Долгор нарын бүрэлдэхүүнтэй ГОЦЛОЛ ДУУНЫ анги байгуулагдсан түүхтэй. ГОЦЛОЛ ДУУНЫ анги үүсэн байгуулагдсан 70 жилийн түүхэнд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн эрэгтэй дуучин Ц.Пүрэвдорж, МУАЖ Д.Жамъяанжав, МУГЖ Д.Банди, МУГЖ Ц.Дагванамдал, МУАЖ Д.Жаргалсайхан, МУАЖ А.Хавлааш, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, МУАЖ А.Загдсүрэн, Төрийн шагналт, МУАЖ, XX дууны манлай дуурийн эмэгтэй дуучин Х.Уртнасан, МУГЖ А.Бүтэд, МУГЖ П.Цэвэлсүрэн, МУГЖ О. Ичинхорлоо МУАЖ Ч.Мөнхшүр, МУАЖ А.Долгор, МУАЖ А.Дашпэлжээ, МУГЖ М.Ерөө, МУГЖ М.Найдалмаа, МУГЖ Б.Цэцгээ, МУАЖ Б.Жавзандулам, МУАЖ А.Энхтайван, МУГЖ Т. Баясгалан, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ М.Болд, МУАЖ Э.Амартүвшин гээд олон алдартай дуучид төрөн гарсан юм. Дуурийн дуулах урлаг гэдэг нарийн мэргэжил төдийгүй монгол дуучны дуу хоолой дэлхийн сонгодог урлагийн тайзнаа эгшиглэхэд үе үеийн дуурийн гоцлол дуучид томоохон хувь нэмрээ оруулсан юм. Үүний том төлөөлөл болсон МУАЖ дуурийн дуучин Э.Амартүвшин Монгол гэдэг нэрийг дэлхийд таниулж байна. Монгол улсад дуурийн урлагийг хөгжүүлж, сонгодог соёлыг түгээхэд гоцлол дууны ангийнхан хүндтэй үүргийг хүлээсэн юм.
"Жаргалын зам"-аас эхлэлтэй дуурийн урлагийн үе үеийн солистууддаа 70 жилийн ойн баярын мэнд хүргэе.