Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдаанд оролцож байна. Энэ үеэр тус улсын  Хааны бороо, Хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын хүсэлтээр ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч СУПИТ ФИТАКТАМТАЙ уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцов.  

Уулзалтаар талууд хүний нөөц чадавхжуулах тэр дундаа нисэх онгоцоор үүлэнд нөлөөлөх арга, технологийн чиглэлээр тус улсад сургах, Монгол Улсын бүс нутгийн үүлний физик бүтцийн чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр ярилцаж, Тайландын “Хааны бороо” төслийг Монгол Улсад илүү оновчтой хэлбэрээр нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг сааруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд  тэрбумаар тоологдох мод тарих хөдөлгөөн өрнөж байгааг онцлоод,  “Хааны бороо” төслийг зөвхөн хөдөө аж ахуйн салбарт бус ойжуулалт, ойн түймэртэй тэмцэх, цөлжилтийг сааруулах, мал аж ахуйг дэмжих, ундны усыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр Монгол Улсад өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Уулзалтын үр дүнд  Монгол Улс болон Тайландын цаг уурын өөр өөр нөхцлөөс (үүлний өндөрлөг, мөндөртэй үүлийг олж тогтоох технологи гэх мэт) шалтгаалж, өөр технологи шаардагдах магадлалтай тул төслийг нэн даруй эхлүүлж, амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Тайландын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын мэргэжилтнийг Монгол Улсад урьж, цөлжилттэй бүс нутагт ажиллуулах, мөн төслийн цар хүрээг нэмэгдүүлэх тал дээр талууд хамтран ажиллахаар боллоо.  

Манай хоёр орны амтын ажиллагааны товч мэдээлэл хүргэвэл,  

Тайландын Хаант Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд Хоёр талт хамтын ажиллагааны чиглэлээр Зөвлөл байгуулах тухай Харилцан Ойлголцлын Санамж бичгийг 2013 оны 4 дүгээр сарын 28-нд байгуулсан байдаг. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар нь Тайландын Хаант Улсын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газартай Тайландын Цог Жавхлант Хаан Пумибол Адульядежийн санаачилсан газар тариалангийн талбайд хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, усан сангийн усны хуримтлалыг арвижуулах, мөндөр, ойн түймэр ундраах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хөгжүүлэх хамтын ажиллагааг 2014 оноос эхлүүлэн ажиллаж байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд 2018 оны 5 дугаар сард Тайланд Улсад Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд мөн оны 9 дүгээр Монгол Улсад харилцан айлчлал хийж, Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны чиглэлээр туршлага солилцож, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газар болон Тайландын Хаант Улсын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар хооронд “Цаг агаарт зориудаар нөлөөлөх талаарх техникийн хамтын ажиллагааны хамтарсан хөтөлбөр”-ийг боловсруулж, хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулсан. Мөн Тайланд улсын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын холбогдох мэргэжилтнүүд Монгол улсын цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны туршлагыг өөрийн оронд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. 

Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Цаг агаарт зориудаар нөлөөлөх талаарх сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгуулсан.Цаашид хоёр байгууллагын мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, газар дээр нь сургалт зохион байгуулах төслийн саналыг хоёр тал хамтран боловсруулж байгаа юм.