Цаг үеийн мэдээ

Катар улсад болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд багтах хэсгийн тоглолтын үеэр Ираны шигшээ ба АНУ-ын шигшээ багт ялагдсан билээ. Уг үйл явдалд баярлаж машиныхаа дохиоллыг дуугаргасан 27 настай эрэгтэйг аюулгүйн хүчнийхэн буудаж амь насыг нь хороосон тухай хүний эрхийн байгууллагууд мэдээлж байна.

27 настай Мехран Самак Каспийн тэнгисийн эрэг дэх Бандар Анзали хотод машин дотроо дуут дохиоллоо дуугаргаж Ираны багийн ялагдлыг дэмжсэн даруйд аюулгүйн хүчнийхэн толгой руу нь буудсан гэж Ослод төвтэй Ираны хүний эрхийн байгууллага мэдээлжээ. 

Иран, АНУ-ууд 40 гаруй жилийн хугацаанд дипломат өрсөлдөөн явуулсаар ирсэн. Энэ жилийн есдүгээр сард 22 настай Махса Амини бүсгүй толгойн алчуураа дутуу зүүсэн хэргээр цагдаа нарт баригдаж амиа алдсаны дараа улс орон даяар эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна.

Ираны аюулгүйн хүчнийхэн иргэдийн жагсаал тэмцлийг намжаахыг оролдож, улмаар 448 иргэний амийг өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хороосон гэж Осло дахь хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Амиа алдсан иргэдийн дотор 18-аас доош насны 60 хүүхэд, 29 эмэгтэй байгаа аж. 

ДАШТ-ий үеэр Америкийн эсрэг тоглолтод хагас хамгаалагчаар тоглосон Ираны хөлбөмбөгчин Саид Эзатолахи Бандар Анзали хотод төрж өссөн байна. Тэрээр толгойдоо буудуулж амиа алдсан Самакийг таньдаг байсан гэдгээ мэдэгдэж, өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багт хамт тоглож байсан зургаа цахим сүлжээнд нийтэлжээ. Хагас хамгаалагч Эзатолахи “өнгөрсөн шөнө дотнын хүнээ алдсан тухай мэдээ зүрх сэтгэлд минь гал асаалаа” гэсэн тайлбартайгаар зургаа нийтэлсэн байна. 

Иранд үүсээд буй улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж Ираны шигшээ баг ДАШТ дэх анхны тоглолт дээрээ төрийн дууллаа дуулахаас татгалзсан бол олон иргэн шигшээ багийг дэмжихээс татгалзсан юм. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа