Цаг үеийн мэдээ

Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн зохицуулагчаар иргэн Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Тэрбээр хотын даргын хүсэлтээр уг төсөлд ажиллаж байгаа, одоогоор бүх мөнгө миний кармаанаас гарч байгаа. Улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүй хэмээн өөрийн цахим хуудаснаа хуваалцаж байсан. 

Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын 2023 оны төсөвт тус төслийг 3,1 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тусгасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. 

Уг асуудалтай холбогдуулан НИТХ дах МАН-ын намын бүлэг хуралдаж Сэлбэ төслийн санхүүжилтийг Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс эгүүлэн татах, төслийг татан буулгах шийдвэрт хүржээ.  

Асуудлын учиг Сэлбэ голын төсөлд биш сонгуулийн үеэр нулимастай нүдээр салаавчилсан иргэн  Б.Цэцэгийн  томилгоонд буй. Мэдээж хүн бүр ая тухтай таатай орчинд амьдрахыг хүснэ. Сэлбэ төсөл үнэхээр бодитоор хэрэгжиж чадвал иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай бүс бий болно. Гэтэл яагаад мэргэжлийн хүнд төслийг хариуцуулсангүй вэ гэдэгт л иргэд бухимдсан. Сошиал трэнд дагаж төслийг татан буулгаж байгаа нь эрх баригчид нүүр номоор ажлаа хийдэгийн нэг жишээ юм. Сэлбэ голын төсөл ингээд зогсох уу? Нийслэлийн дундуур амь тавин тасарч байгаа Сэлбэ гол хатаж л байг уу? Б.Цэцэг л биш бол хичнээн мэргэшсэн инженерүүд байсан ч төслийг татан буулгах уу?