Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал энэ өдөр БНХАУ-ын ГХЯ-нд очиж, БНХАУ-ын нам, төрийн нэрт зүтгэлтэн, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга асан Жян Зөмин таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв.
Элчин сайд Т.Бадрал эмгэнэлийн дэвтэрт бичсэн үгэндээ БНХАУ-ын нам, төрийн зүтгэлтэн Жян Зөминий улс орноо удирдах ур чадвар болон түүний санаачлан хэрэгжүүлсэн ХКН-ын “гурван төлөөлөл” чухал үзэл санаа, өөрчлөлт, шинэчлэлийн бодлого нь БНХАУ-ын хөгжил, цэцэглэлт төдийгүй Монгол, Хятад хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн болно.