Цаг үеийн мэдээ

ШӨХТГ-аас "Юнивишн" ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

“Сүүлийн үед "Юнивишн" ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн талаар  иргэдээс маш их гомдол, санал ирж байна. Үүнийг судлаад үзтэл "Юнивишн" ХХК нь үнэ тарифаа нэмэх асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдээлэл хүргүүлж зөвшөөрөл авдаг ёстой ажээ. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус компанид зөвшөөрөл олгоогүй байхад үнээ нэмсэн нь шалгалтаар тогтоогдлоо. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуульд зааснаар  "Юнивишн" ХХК-ийн үнэ тарифын талаарх асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хянан шийдэх эрхтэй байна. Иймд уг зөрчлийн хянан хэлэлцэж шийдвэрлэнэ үү хэмээн Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт илгээсэн. 

"Юнивишн" ХХК-ийн хэрэглэгчидтэй хийсэнд гэрээнд үнэ нэмэх болон гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой зүйл заалт байдаг. Тус гэрээнд үнийн өөрчлөлт гарахаар болбол ОНХМХ болон өөрийн боломжит мэдээллийн сувгуудыг ашиглана гэж заасан байна. Гэтэл үнийн өөрчлөлт оруулсан талаар зөвхөн Зууны мэдээ сонинд гарсан байна. Тус сонин нь өдөрт 1800 орчим хэвлэгддэг бөгөөд үүнээс 1600 нь захиалагчтай хэрэглэгчдэд очдог бол ердөө 200 нь зах зээлд гардаг байна. Энэ нь нийт юнивишн хэрэглэгчдэд мэдээллийг түгээж чадахгүй. Манай байгууллагын зүгээс тус компанийг Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн хэмжээнд давамгай байдалтай аж ахуйн нэгж гэдгийг тогтоож байсан" гэлээ.