Цаг үеийн мэдээ

МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадмын сүүлийн шатны шалгаруулалт 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Дуурийн театрт болно. 

Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна.  

Х.Эрдэнэцэцэг

/Япон улс. Осака хот/  

ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД

Тэр өглөө Цэнгэл заншсан ёсоор эр нөхөр Токадаг ажилд нь үдэв. Токада гарахынхаа өмнө Цэнгэлийн духан дээр үнсээд гарав. Дараа нь Цэнгэл хүү, охин хоёроо сургуульд нь үдэв. Тэгээд ганцаараа үлдлээ. 

Цэнгэлийн хувьд өглөө бүр нь тэгж эхэлдэг агаад эл бүхэн яг хорин жил давтагджээ. Эхэндээ Цэнгэл зөвхөн эр нөхрөө ажилд нь үддэг байсан бол одоо хүү, охин хоёроо сургуульд нь үддэг болжээ. Их далайн дундах эл арал дээр анх ирсэн цагаас хойш Цэнгэлд борви бохисхийх өдөр байсангүй. Харин эдүгээ үр хүүхдүүд нь өсөж том болоод, нэг үеэ бодвол царай зүсээ тухтай тольдон ажиж, нас дагасан өө сэв бүрээ анзааран харж, элдвийг бодох завтай болжээ. Гэвч тэгэх тусам ямар их ганцаардаж буйгаа улам бүр мэдэрнэ. Тэр их ганцаардал нь түүнийг хааяа давчдуулах боловч Цэнгэл яаж ийгээд тайвширч дөнгөдөг байлаа. Гэтэл тэр өглөө түүнд нэг л хачин байв. Толинд харахад өөдөөс нь огт танихгүй хүн шиг царай муутай ахимаг авгай ширтэх ажээ. Тэгмэгц Цэнгэлд амьдралын гашуун амт анх удаа, их гүнээсээ шархиран амтагдах шиг санагдав. Тэгэхээр нь толины өмнө хэсэг гөлрөн сууж байснаа аажуухан босож хувцаслаад гэрээсээ гарлаа. Цаг хугацаа гэгч хэрхэн хувирч оддог тухай Цэнгэл бодож байсангүй. Гэтэл нэг мэдэхэд хорин жил өнгөрчээ. Бүхэл бүтэн хорин жил шүү!!!   

Гэрээсээ гараад Цэнгэл хаачихаа мэдэхгүй хэсэг зогсов. Тэгснээ хандсан зүгтээ алхав. Алхсаар яваад нэг мэдэхэд өөрийн дуртай цэцэрлэгт хүрээлэнд хүрсэн байв. Тэндээ хэсэг зогсон амьсгаа дараад, ирэх болгондоо очиж суудаг өндөр модны доор суулаа. Зөвхөн тэр модны доор суувал л бүтэн амьсгаа авч болмоор санагдана. Гэвч тэгж чадсангүй. Харин ч бүр хамаг бүхнээ ил гартал асгаруулан уйлмаар болов. Тэглээ гээд нүднээс нь ганц дусал нулимс гарсангүй. Өөр бас нэг хачирхалтай нь гэвэл эргэн тойронд ургасан төгөл моддыг гөлийн ширтэхэд цээж нь гэв гэнэтхэн хөнгөрөөд, бүр хов хоосон оргилоо. Чихэнд нь гагцхүү салхины сэрчигнээн шувуудын жиргээнтэй хослон сонсогдоно. Орчлон дэлхий дээр Цэнгэлээс өөр хэн ч байхгүй юм шиг. Цэнгэл л ганцаархнаа өндөр модны доор сууж байгаа юм шиг. Тэрхэн агшинд бүх юм гэв гэнэт царцаж, цаг хугацаа ч нам зогсох шиг. 

Цэнгэл хэдий хэр удаан сууснаа анзаарсангүй. Түүнийг тийн гиюүрч суутал нэг хүн мөрнөөс нь зөөлөн дугтчих шиг болов. Цочин өлийж харвал өмнө нь хариугүй нэг муу бөгтөр өвгөн зогсож байлаа.

Тэр өвгөн санаа нь зовсон бололтой: 

-Зүгээр үү, хүүхээ? гэв.

-Зүгээр ээ, зүгээр!...

-Бие нь зүгээр үү? Дотор нь зүгээр биз? 

Тийн шалгаахад Цэнгэл жаахан ундууцаж:

-Зүгээр ээ, зүгээр!... гэсэн боловч өвгөн түүнийг цоо ширтэн зогссоор байлаа. 

Тэгэхээр нь Цэнгэл гэнэт санаа зовж: 

-Би зүв зүгээр байна аа. Та санаа зоволтгүй!... гэж үгээ давхцуулан хэлэхэд өвгөн түүнийг нухацтай нь аргагүй харж байснаа: 

-За, тэгвэл болж. Ашгүй дээ... гэж амандаа аяархан үглэснээ:

-Одоо гэртээ харьсан нь дээр байх аа даа... гэв.

Тэгэхэд нь Цэнгэл өөрөө ч мэдэлгүй: 

-Би харихгүй ээ! гэж чангаар хэллээ.  

Тэгтэл ч нөгөө өвгөн явах гэж байснаа зогтусаад: 

- Аан, тийм үү? Нөхөртэйгээ муудалцаа юу? гэж нүүрээ үрчийлгэн асуулаа. 

Тэгээд хариу хүлээн хэсэг азнаснаа гэнэт шал өөр дуугаар:

-Энэ хулс мөн ч сайхан ургасан байгаа биз! гэв. 

Өвгөнийг тэгж хэлэхэд Цэнгэл гэнэт гайхан: 

-Та юу гэв ээ? Хулс гэв үү дээ? гэснээ зүүнд хатгуулсан мэт ухасхийн босоод, эргэн тойрны хулс моддыг анх удаа харж байгаа мэт хэсүүлэн харлаа. 

Олон жилийн өмнө Цэнгэлийг Япон оронд ирэхэд цагаан сарын үе давхцаж таарсан болохоор хулс модны хөндий ишин дотор тариан түрүү, цэцэгс хольж хийсэн уламжлалт тахилын гоёмсог чимэглэлийг онгоцны буудал дээр анх харжээ. Мөнх ногоон хулс модод тэгэхэд л түүнийг инээмсэглэн угтаж авсан мэт. Тийм болоод ч тэр үү, салхинд шуугин найгах байдаг л нэг хулсан төгөл Цэнгэлд анх удаа нэг л ер бус санагдав. 

Нэг л мэдэхэд Цэнгэл тэнгэр тулам өндөр нарийхан модод салхины аясаар хоёр тийш найган ганхахыг харж байлаа. Шув шулуун тэдгээр модод хурууны үе шиг товгор үеүдтэй, сайтар ажвал тэр нь дотроосоо нэг нэгээрээ цухуйж ургаад, хөх тэнгэрт шатлан өгсөж, босоо шугам шиг цойлно. Нов ногоон өнгийн зууван навчис нь салхины аясаар сэрчигнэх мөнх ногоон хулс модод. Өмнө нь Цэнгэл эл цэцэрлэгт зөндөө олон ирэхдээ ногоохон хулс моддыг тэгтлээ анзаарч байсангүй. Тийм болохоор түүнд цоо шинэхэн мэт байлаа. 

Гэтэл өвгөн Цэнгэлийн доор нь суух дуртай өндөр хулсыг зааж: 

-Үүнийг энд би суулгасан юм. Би ч гэж дээ. Эхнэр бид хоёр. Эхнэрийн нутгаас ирсэн үрээр. Тэгээд нэг ч өдөр алгасалгүй, тавин жил хамт энд ирсэн гээд бод доо! Гэтэл одоо тэр минь алга. Тэр минь хэзээ ч эргэж ирэхгүй. Амьд байхад нь насаараа хамт байх юм шиг л санаж явж. Одоо бол би ганцаардал гэж, уй гашуу гэж яг юу болохыг жинхэнээсээ ойлгож байна даа. Ядаж байхад бид хоёрт үр хүүхэд ч заяасангүй! гэв.

Тэгээд хэсэг чимээгүй болсноо:

-Хүн гээч амьтан угаас дэргэдийн жаргалыг мэддэггүй, холын одонд л тэмүүлдэг. Чи амьдралдаа гонсойж яваа биз? Би мэдэж байна аа. Тэгж болохгүй шүү. Бусдаас хүндлэл нэхэхээсээ илүү бусдыг хүндэлж сурах нь чухал. Амьдралыг хайрла. Хүмүүсийг хайрла. Моддыг хайрла. Тэд чамд бүгдийг өгнө. Харин чи авч чадахыг л хичээ. Бууж өгөх тухай бодохын ч хэрэггүй! Цөхөрсөн ч сэтгэлээ нээ. Итгэлээ нээ... гээд инээмсэглэснээ Цэнгэлд ойртон ирж, ар нурууг нь хуруугаар зөөлхөн товшингоо:

-Хулс мод их өөр шүү. Эгц өөдөө, юунд ч торохгүй, зөвхөн тэнгэрт тэмүүлж урган өндийдөг, маш уян налархай атлаа юунд ч үл дийлдэх бөх бат мод. Далайн хар салхи ч хулс модыг дийлэхгүй. Хулс мод газар шүргэн алдан найган ганхавч хугарахгүй. Унахгүй. Эмгэн бид хоёр хулс модны жишээгээр л амьдарсан даа. Хулс мод гэрэлтэж байгааг харж байна уу? Чи ч гэсэн тийм байгаарай. Цог золбоотой шиг байгаарай! гээд эргэж, бөгтийн явсаар моддын цаагуур бараа тасарлаа. 

Өвгөнийг бараа тасарсан хойно Цэнгэл бодлоо. Бодоод байхад тэр ч бас өнгөрөгч он жилүүдэд хулс мод шиг байхыг хүсэн тэмцэж, өөрийн хамаг жаргал, зовлонгоо эл хулсан төгөлтэй хуваалцсаар ирсэн мэт. Тэгэх тэгэхдээ бүр эл төгөлд өөр шиг нь гаднаас ирж, дөнгөж сая хажууд нь зогсож байсан хариугүй бөгтөр өвгөний гараар хөрсөнд нь суусан тэр л үрнээс ургасан өндөр хулс модтой хамаг бүхнээ хуваалцаж, хулс мод Цэнгэлийг, Цэнгэл хулс модыг ойлгон, бие биендээ уусаж ирсэн мэт. Тиймдээ л Цэнгэл өдий олон жил хааяа бөхийн зүдэвч нугаралгүй, цэх шулуухан алхсан мэт.

Цэнгэл өвгөний бараа тасарсан зүгт ширтэн хэсэг зогссоноо өндөр хулс модыг зөөлөн тэвэрлээ. Тэгмэгцээ өөрөө модыг тэвэрч буй бус, өөрийгөө модонд тэврүүлж буйг мэдрэв. Хулс мод ч өөрийг нь тэвэрч буйгаа түүнд хэлэх гэсэн мэт салхины аясаар ямархан нэгийг шивэгнэн найгахад Цэнгэл алгуурхан тайтгараад, ер бусын их хязгааргүйд уусан нэгдэх шиг боллоо. Нам гүмд ганцаархнаа байхад бүхий орчлон тэр чигтээ хулсан төгөлд багтах ажээ. 

Өндөр нарийхан, шув шулуухан хулс моддын ис үзүүр эгц өөдөө цойлжээ. Удаан ширтэн харах тусам улам налархай, уян зөөлөн болох нов ногоохон хулс модод. Гэрэлтэгч ногоон модод. Эгц өөдөө, цөхрөлтгүй шулуухан модод. Тэнгэр өөд, нар өөд тэмүүлсэн хүчирхэг модод. Тэд салхины аясаар үл мэдэг шуугин найгасаар л...

Цэнгэл инээмсэглэж буйгаа анзаарав.

Одоо тэр өөрөө өөртөө эргэн иржээ.

Таны сурталчилгаа